Гавьяат тамирчин О.Бурмаа нь 1982 оны тавдугаар сарын 28-нд төрсөн. Монгол улсын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчин юм. Тэрбээр 2001 оны намар 19 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн.
Өдгөө 39 настай О.Бурмаа нь Цагдаагийн Ерөнхий Газрын "Хүч" спорт хороонд харьяалагддаг. 2009 онд гавьяат тамирчин болж байсан.
Өнөөдөр “Токио-2020” зуны олимпын 32 дахь наадамд Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -76 кг жинд зодоглосон О.Бурмаа эхний шатанд дэлхийн аваргын хошой хүрэл медальт, 2019 оны мөнгөн медальт Японы Хирое Минагавад 8-0 харьцаагаар хожигдсон. Өнөөдөр тэрбээр ялагдсан ч Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтай, улсын 10 удаагийн аварга юм.
Нэмж хэлэхэд тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сард болсон олимпын эрхийн тэмцээнд оролцсоноосоо хойш ганц ч барилдаагүй, бэлтгэл хийгээгүй юм. Үрийн зулай үнэрлэж спортоос хөндийрсөн О.Бурмаа гурван жилийн дараа эргэн ирэхдээ 2019 оны УАШТ-ээс эхлэн дахин барилдаж түрүүлээд “Mongolia open”, Буриадын ерөнхийлөгчийн тэмцээнд орсон. Мөн 2020 онд дахин УАШТ-нд түрүүлсэн. Казахстаны Алматы хотод болсон Ази тивийн эрх олгох тэмцээнд түрүүлж 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа "Токио-2020" олимпын эрх авч байсан юм.
Хэрэв Хирое Минагава шөвгийн дөрөвт ялбал О.Бурмаа дагаж барилдана. Минагава шөвгийн дөрөвт ялагдвал О.Бурмаа тэмцээнээ дуусгана.