Монголын гурван тамирчин өнөөдөр чөлөөт бөх, бокс, буудлага гэсэн гурван төрөлд өрсөлдөнө.
Өглөө 07.30 цагт эрэгтэйчүүдийн 25 метрийн Олимпийн хурдан буудлагын урьдчилсан шат эхэлнэ. Нийт 27 тамирчин өрсөлдөж буйн дотор Монголын мэргэн бууч Э.Даваахүү 11.30 цагаас эхлэн дасгалаа гүйцэтгэнэ. Энэ төрлийн финалын буудлага наймдугаар сарын 2-ны 13.30 цагаас эхэлнэ.
Чөлөөт бөхийн төрөлд эхний өдөр тамирчин О.Бурмаа хүч үзнэ. Тэрбээр эхний даваанд Японы туршлагатай бөх Хироэ Минагаватай барилдахаар болжээ.
Чөлөөтийн барилдаанууд өглөө 10.00 цагт эхлэх бөгөөд О.Бурмаа тав дахь барилдаанд дэвжээн дээр гарах юм. Эхний өдөр хагас шигшээ хүртэлх барилдаанууд болж, аваргын төлөө хүч сорих хоёр бөхийн нэр тодорхой болно. Харин маргааш нь дагах болон медалийн төлөө барилдаанууд явагдах юм.
Боксын төрөлд гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16:48 цагаас Оросын Алберт Батыргазиевтай медалийн төлөө өрсөлдөнө.
МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!
Эх сурвалж: МҮОХ