“Токио-2020” зуны XXXII дахь удаагийн олимпийн наадмын боксын тэмцээн сүмо бөхийн Кокүгикан ордонд явагдаж байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Цэндбаатар, 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцож байгаагаас Б.Чинзориг тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал эхний тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, Их Британийн Лоурен Луиза Прайстай тулалдлаа.
Уэльс гаралтай энэ бүсгүй 27 настай. 2019 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Европын наадмын аварга, тивийн АШТ-ий гурван хүрэлтэй тамирчин.
Лоурен үнэхээр хүчтэй, хурдтай тамирчин юм. Эхний үеийн 1.12 минутад Лоурений зүүн хойд гар оновчтой тусаж, манай тамирчин тоолууллаа. Лоурений илт давамгайллаар эхний үе өндөрлөв.
Хоёрдугаар үед оноо нөхөх гэж М.Мягмаржаргал урагш дайрсан ч цохилтын тоо, оновчоор дэлхийн аварга хавьгүй илүү байлаа. Гуравдугаар үед ч Уэльс бүсгүй довтолсоор шүүгчдийн саналаар 5:0-ээр яллаа. Үнэхээр чансааг тэргүүлэгч, шилдэг тамирчин байлаа.
Сонирхуулахад түүний өрсөлдөгч тун өвөрмөц намтартай нэгэн байлаа. Тэрбээр хүүхэд ахуйдаа кикбоксоор хичээллэдэг байсан бөгөөд өшиглөлтөө хүчтэй болгохын тулд хөлбөмбөгөөр давхар хичээллэх болсон байна. Гэхдээ зүгээр ч нэг сонирхоод өнгөрөх биш тун амжилттай тоглож, Уэльсийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн лигт багтайгаа түрүүлсэн удаатай. Өөрөө тэрхүү улиралд багийнхаа шилдэг тоглогчоор нэрлэгдсэн гээд хөлбөмбөгийн карьер нь тун амжилттай үргэлжилж байж. Гэвч 2014 онд Хамтын нөхөрлөлийн наадамд боксоор оролцсоноос хойш бусад төрлөө орхиж, зөвхөн бокстоо анхаарах болжээ. Энэ нь ч зөв шийдвэр болж, боксын спортоор дэлхийн аваргаас алт, хүрэл медаль, Европын наадмаас алтан медаль хүртээд байна. Одоо түүний хувьд олимпийн аварга болох ганц л том зорилго өмнөө тавиад буй.