Олон улсын жүдо бөхийн холбооны "Олимп"-ын зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэгтэй Токио-2020 тэмцээний завсарлагааны үеэр Токиод ажиллаж буй БТСУХ-ны сэтгүүлч Б.Онон цөөн хором ярилцсныг хүргэж байна.
-Өчигдөр болсон жүдогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн финалын барилдаан дээр та шүүгчээр ажиллаа. Энэ бол Монголын спортын түүхийг шинэчилсэн үйл явдал болсон. Манай улсаас олимпын наадамд 1988 оноос хамгийн сүүлд финалын барилдаан шүүсэн шүүгч Басхүү гуай байдаг. Та олимпын финал дээр ажилласан анхны эмэгтэй шүүгч төдийгүй 1988 оноос хойш гуч гаран жилийн дараа анх удаа шүүж байгаа шүүгч боллоо?
-Баяртай байна. Токио-2020 олимпод алтны төлөөх барилдааныг л шүүх гэж ирсэн. Энэ чинь миний 20 жилийн мөрөөдөл. Шүүгч болоод 20 жил болсон байна. Алтан медалийг шүүсэндээ маш их баяртай байна.
-Спортын ертөнцөд Токио олимпоор амьсгалж улсуудад Японы ах дүү жүдоч хоёулаа олимпын аварга боллоо гэдэг мэдээлэл маш хүчтэй явсан. Энэ барилдаан чинь өөрөө маш өндөр темптэй ур чадвар өндөртэй тамирчдын барилдаан болсон. Танд ер нь яг шүүлтийн явцад хүнд хэцүү зүйл гарсан уу?
-Эхлээд нэрс хараад алт шүүхээр болсон байна гээд л манай шүүгч нар бүгдээрээ баяр хүргэсэн. Аби Ута ер нь бол цомхон тэмцээнд ордог, шүүж үзье гэж боддог байсан. Том тэмцээн шүүж үзээгүй байсан. Хоёулаа дэлхийн аварга, нэлээн темп өндөртэй зүгээр зогсохгүй, нэлээн ур чадвар шаардсан барилдаан болох байх гэж бодсон. Гэхдээ өөрийгөө 100 хувь контролдож гарч чадсан. Би үүнийг л шүүх гэж ирсэн гэж өөртөө хэлээд өөрийгөө бараг амьсгалж байна уу гэмээр тийм тайван байлгаж байж тэмцээнээ амжилттай сайн шүүж дуусгасан. Баяртай байна.
-Олимп шүүнэ, оролцоно гэдэг өөрөө босго өндөртэй байдаг. Таны хувьд яг энэ шүүх эрхийг хэрхэн авсан бэ. Шүүгчид бас тамирчидтай адилхан олимп шүүх эрхийн оноо цуглуулдаг. IJF-ий хувьд дүрэм журам өндөртэй газар. Та токио олимпыг шүүх болсноо хэзээ мэдсэн, яг энэ шүүх эрхийг яаж авсан бэ?
-Шүүх эрхийг болохоор анх IJF-д би 2017 онд гранприд уригдаж ирж шүүгээд түүнээс хойш 50 шахам IJF-ийн тэмцээнийг шүүсэн байна. Сая цар тахалтай үед ч гэсэн олон улсын жүдо бөхийн холбоо 10 сар хүртэл тэмцээнийг цуцалчихсан байж байгаад 10 сараас эхлээд тэмцээнүүдэд дэглэмээ бариад явагдаад эхэлсэн. Тулааны төрлүүдээс миний санаж байгаагаар UFC, олон улсын жүдо бөхийн холбоо л ер нь тэмцээний арга хэмжээг хэвийн явуулж байсан. Тэгэхлээр ямар төрлийн спорт вэ гэдэг нь харагдаж байгаа байх. Би дөрвөн ДАШТ шүүсэн. Мөн 2017 онд Үнэмлэхүй жингийн ДАШТ-д дэлхийн зургаан шүүгч уригдаж ирж шүүхэд би сонгогдон шүүж байсан. Өсвөрийн ДАШТ, Залуучуудын хоёр ч ДАШТ гээд олон тэмцээн шүүсэн. ГранПри, Гранд Слам гээд нийт 50 шахам тэмцээн шүүсэн. Шүүгчид яг л тамирчид шиг тэмцээн бүрээсээ оноо цуглуулдаг. Дэвжээн дээр хэрхэн шүүж байгааг оноо өгч, ранк тогтоодог. 2018, 2019, 2020 онд ранкаа тэргүүлсэн амжилтаар 2020 оны хоёрдугаар сард олимп шүүх эрхээ авсан.
Ямар ч байсан эрхээ авлаа цар тахлын үед өвчин тусаж болохгүй, эрүүл байх ёстой гээд хариуцлага, хяналт их ирсэн. Мөн өөрийгөө байнга хөгжүүлж, видео үзэх алдаануудаа харах, барилдаан үзэх зэргээр контролдоод явсан.