БНХАУ-д гурав хоногийн турш үргэлжилсэн аадар бороо үерийн гамшиг дагууллаа. Хятадын төрийн өмчийн Синьхуа агентлагын мэдээлснээр өчигдрийн байдлаар үерийн гамшигт 63 хүн амь үрэгдэж, 13.9 тэрбум юанийн эдийн засгийн шууд хохирол учирсан байна.
Үерийн улмаас Хятадын төв хэсэгт гэрэл цахилгаан тасарсан хүнд байдлаас гарч амжаагүй байхад зүүн хэсгийн боомт хотуудыг далайн шуурга дайрчээ.
Хятадын зүүн хэсгээр өнгөрсөн амралтын өдрүүдээр Ин-Фа нэртэй далайн шуурга хүчтэй салхи дэгдэж аадар бороо оржээ. Улмаар 26 сая хүн амтай Шанхай хотноо олон улсын хоёр нисэх буудал бүх нислэгээ цуцалж, иргэдийг гадагш гарахгүй байхыг албаныхан анхааруулсан байна.
Далайн шуурганаар Шанхайд 1000 гаруй мод булгарч, салхинд хийссэн байна. Түүнчлэн Жөжянь мужийн Жясин хот, Жянсу мужийн Цидун хотноо хөрсний нуралт үүссэн аж.
Хятадын цаг уурын агентлагаас мэдээлснээр далайн шуурганы хурд секундэд 38 метр хүрсэн байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр далайн шуурга Хятадын Жөжянь, Жянсу, Анхуй муж болон Шанхайг дайран өнгөрчээ.