АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Рут Шерман долдугаар сарын 18-наас 25-ны хооронд Япон, БНСУ, Монгол Улсад айлчилж байгаа юм. Тэгвэл өнөөдөр тэрбээр Монгол улсад айлчилна.
Хатагтай Венди Р. Шерман Сөүлээс Улаанбаатарт ирж, манай албаны хүмүүстэй уулзаж, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлс, тэр дундаа шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй байх, уламжлалт соёлын онцлог, ёс заншлыг хүндэтгэх зэрэг хүний эрхийн талаар хэлэлцэх юм.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч айлчлалынхаа туршид АНУ, Энэтхэг-Номхон далайн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих, олон улсын дүрэм журамд суурилсан дэг журмыг сахиулах чиглэлээр холбоотнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллах амлалтаа дахин нотлох болно хэмээн АНУ-ын Төрийн департаментээс мэдээлсэн.
Хатагтай Венди Рут Шерман нь 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын 21 дэх буюу анхны эмэгтэй оролцогч болон Сенатаар батлагдаж мөн сарын 21-нд тангаргаа өргөжээ.
2011-2015 онуудад тэрээр Төрийн департаментад Улс төрийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж, 54 улсад айлчилсан бөгөөд дипломат үйл ажиллагаандаа гаргасан амжилтууд, түүний дотор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон болон Герман, Европын холбоо, Ирантай хэлэлцээр хийх АНУ-ын багийг ахлан "Үйл ажиллагааны хамтарсан, цогц төлөвлөгөө"-ний талаар нэгдмэл байр сууринд хүрснийхээ төлөө Ерөнхийлөгч Обамагаас "Үндэсний аюулгүй байдлын медаль" хүртжээ. Тэрээр өмнө нь Төрийн департаментад Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайтын зөвлөх, Ерөнхийлөгч Клинтоны Тусгай зөвлөх болон Хойд Солонгосын асуудлаарх Бодлогын зохицуулагч мөн Төрийн нарийн бичгийн дарга Уоррен Кристоферын үед Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
Мөн тэрээр ерөнхийлөгчид тагнуулын асуудлаар зөвлөх зөвлөл, Оксрам Америка байгууллагын захирлуудын зөвлөлийн дарга, АНУ-ын батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын бодлогын зөвлөл болон Үй олноор хөнөөх зэвсэг, түүнийг түгээн дэлгэрүүлэх, терроризмаас сэргийлэх асуудлаарх Конгрессын комисст ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.