Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт өнгөрсөн долоо хоногт ажиллах үеэрээ Засгийн газар Авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг мэдэгдсэн. Энэ хүрээнд Авлигын эсрэг ажлын баг байгуулахыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Монгол Улс авлигын эсрэг өнгөрсөн 30 жил ямар үр дүнд хүрсэн талаар тодорхой хэмжигдэхүүн үзүүлэлт байдаггүй байсан. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас Олон улсын байгууллагын гаргадаг авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийг хоёр оронтой тоо буюу 100-аас доош оруулах зорилт дэвшүүллээ. Ерөнхий сайдын захирамжаар авлигын эсрэг ажлын баг байгуулагдаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 15 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү ажлын багийг ахална” гэв.
Энэ зун авлигыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөжээ.