УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Г.Азжаргалыг томилох тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 71.6 хувь нь дэмжив.
Тус газрын даргаас 2021 оны зургадугаар сарын 14-ний өдөр Г.Азжаргалыг АТГ-ын дэд даргын албан тушаалд томилуулах саналыг УИХ-ын даргад ирүүлсэн байна.
Ингээд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар АТГ-ын дэд даргын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулсан бөгөөд гишүүдийн олонх уг саналыг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Ийнхүү УИХ анх удаа томилгооны сонсгол зохион байгууллаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Соён гэгээрүүлэх чиглэлээр орон нутагт ямар ажил хийх вэ? Сүүлийн гурван жилийн хугацаанд АТГ-ын ямар нэгэн ажилтан авлига авсан хэргээр шалгагдаж байсан уу? Дотоод хяналт ямар байгаа вэ? Таны нэрийг оруулж ирж байгаа Дашдаваа даргын үйлдэлд хяналт тавьж, шударга ажиллаж чадах уу?. АТГ-т шалгуулахаар өгсөн хэргүүд яагаад усанд хаясан чулуу шиг алга болдог юм бэ" хэмээн асуулаа.
Түүний асуултад АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал "АТГ орон нутагт бүтэц бүрэлдэхүүн байхгүй байсан. 2019 оноос гурван аймаг дунд нэг мөрдөгч томилон ажиллуулж байгаа. Соён гэгээрүүлэх ажил орон нутаг руу зөвлөмж байдлаар өгдөг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас болоод манай алба хаагчид орон нутагт очиж чадаагүй.
АТГ дотор аюулгүй байдал хяналт шалгалтын алба гэж бий. АТГ-ын ажилтнууд сахилгын болон зөрчлийн шийтгэл хүлээж, эрүүгийн хэрэгт холбогдсон асуудал бий. Сахилгын шийтгэл авагдсан гурван албан хаагчийг санаж байна.
Таныг яг ямар хэргүүдийг хэлж байгааг мэдэхгүй байна. Дараа нь тодруулж болох байх. АТГ-ын ажилтан тангараг өргөдөг. Хэний ч нөлөөнд үл автан авлигатай тэмцэнэ гэдгээ тангарагладаг. Үүнийг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээж чадна" гэлээ.