АН-аас Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр гарсан "Хүний эрхийн зөрчил" болон "Ковид-19"-тэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тус намаас Эрүүл мэндийн сайдад коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдэгдэл хүргэж байгаагаа энэхүү хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдэгдлээ.
АН-ын Хууль, эрх зүйн бодлого хэлтсийн зөвлөх О.Баасанхүү "Цар тахлыг шалтгаанаар амиа алдсан иргэдийн ар гэрт төр засгийн зүгээс эмгэнэл илэрхийлж, нөхөн төлбөр олгох ёстой. Цар тахалтай холбоотойгоор иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан үйлдлээ зогсоохгүй бол АН эсэргүүцлийн арга хэмжээг улс орон даяар шат дараатайгаар зохион байгуулахаа мэдэгдэж байна.
Синофарм вакцины хоёр дахь тунг 28 хоногоос хэтрүүлбэл бүү хийлгээрэй гэсэн заавартай байхад 56 хоногийн дараа хийлгэж болно гэж өөрчилсөн нь олон иргэдийг хохироолоо. Энэ нь вакцины үйлчлэлд сөргөөр нөлөөлсөн. "Аса станц", "Мэдээллийн урсгал" зэргээр нэг урсгалаар, урьдчилж бэлтгэсэн мэдээллийг иргэдэд өгч байгааг эсэргүүцэж байна. Эрх баригчдыг магтан дуулсан хэвлэл мэдээлэл олон болж байна. Дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн эрх баригч намтай найрсаг харилцаатай байх хугацаа дуусах болоогүй юу? Нийгмийн амьдралд илүү анхаараач гэж хүсмээр байна. Эрх баригчтай адилхан бид төсвийн мөнгөөр сонгууль хийгээгүй. Эрх чөлөөтэй, ардчилсан Монгол Улсыг авч үлдэхийг хүсвэл бид нэгдмэл байдлаа чухалчлах ёстой. Өнөөдрийн байдлаар 500 гаруй иргэн цар тахлын улмаас нас барсанд АН монгол түмнээсээ уучлал хүсэж, гүн эмгэнэл илэрхийлж байна" гэв.
АН-ын зүгээс эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 3-5 дахин нэмэгдүүлж, халдвар авсан ажилчдад нөхөн олговор олгохыг шаардаж байгаагаа илэрхийллээ.
АН-ын Бодлогын зөвлөлөөс "Монголчууд олноороо цар тахалд нэрвэгдэж, нас баралт нэмэгдсээр байгаа нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна. Эмнэлгийн ажилчид ажлаасаа гарах өргөдлөө олноороо өгч байгаа тул цалинг яаралтай 3-5 дахин нэмэхийг хүсэж, шаардлага хүргүүлж байна гэв. Түргэвчилсэн шинжилгээг гэрт нь зааврыг нь хэлж өгөн үнэ төлбөргүй хийдэг болгооч гэж шаардаж байна. Бид энэ хэвээрээ байвал эмчгүй, эмнэлэгтээ оргүй, иргэд нь гэртээ нас барах эрсдэл хүлээж байна" гэлээ.