УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэр Д.Буянжаргал Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргажээ. Уг өргөдөлдөө "Нөхөр Ж.Мөнхбатад зодууллаа гэж өмнө гаргасан гомдлоо татаж буйг" дурдсан байна. Тэрбээр “Ж.Мөнхбат бид хоёрын дунд үүссэн түр зуурын үл ойлголцол, гэр бүлийн маргааны улмаас сэтгэл санааны таагүй байдалд байхдаа гомдол гаргаж, цагдаад дуудлага өгсөн болно” гэжээ.
Мөн гомдол мэдүүлэгт дурдсан болон цахим орчинд яваад байгаа мэдээлэл шиг асуудлууд болоогүй гэж өргөдлдөө бичсэнийг эх сурвалж хэллээ.
Шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад цагдаад өгсөн мэдүүлэг, зарим мэдээлэл баримт нь санаатай болон санаандгүйгээр цахим орчинд хурдтай тархаж, мөрдөн байцаалтын болон гэр бүлийн болон хувь хүний нууцтай холбоотой хуулийн тодорхой заалтууд зөрчигдөж байгаа нь Д.Буянжаргалын гомдол, өргөдлөө татах шалтгаан болжээ.
Тэрбээр өөрийн гэр бүлийн гишүүд, үр хүүхдүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, мэдүүлэг өгөх боломжгүй болсноо өргөдөлд дурьдсан байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү энэ талаар “Уг гомдолтой холбоотой хэргийн материал алдагдсан асуудлаар шалгалт хийж байгаа нь үнэн. Гэхдээ холбогдогчоос юм уу, хэн нэгнээс гомдол ирээд шалгаж байгаа юм биш. Яагаад гэвэл хавтаст хэрэгт авагдсан материал олон нийтийн цахим сүлжээ, сайтуудаар гарсан. Нууцлал, аюулгүй байдал хаана алдагдав гэдэг дээр албан шалгалт хийгдэж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.