Долоон буудлын худалдааны төвүүдийн орчим гудамжинд “Улаан булан” төсөл хэрэгжиж гудамжны өнгө үзэмж сайжирчээ.
Тодруулбал СБД–ийн 14 дүгээр хорооны Засаг Дарга Л.Мөнхтүвшин “Ногоон нуур” төслийн санаачлагчтай хамтран хүүхдийг айх айдасгүй, аюулгүй орчинд амьдрах ёстой гэж үзэн энэхүү ажлыг эхлүүлсэн байна.
Тэрээр, “Энэхүү гудамж өмнө нь өнгө үзэмж муутай, хог новшоор дүүрсэн, мөн хүмүүсийн бөөгнөрч архи уудаг булан байсан. Хүүхдүүд энэ хавиар явахад айдастай байдаг учраас иргэдэд бага ч гэсэн мессежийг өгч, өнгө үзэмжинд анхаарч будаг засварын ажил хийсэн байгаа. Ингэхдээ зөвхөн будаад өнгөрөх биш иргэдийн ухамсарт нэгийг бодуулахаар, “Үгээр бус үйлдлээрээ үлгэрлэ, Үр хүүхдийнхээ бахархан дуурайх аав ээж нь байцгаая” гэх зэрэг үгсийг бичсэн. Мөн эндхийг хүчирхийллийн гудам гэж нэрлээд байгаа. 108 дуудлагыг иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгыг тавьсан.
Бидний хийж буй ажил үр дүнгээ өгч нүдэн дээр өөрчлөлтүүд гарч байгаа. Хүмүүс энд цуглаж архи уухаа больж байна. Хогоо ч хаяхаа больсон. Иргэд болон хорооны зүгээс талархал илэрхийлж, зарим зүйлсэд туслахад бэлэн байгаагаа хэлж буй. Бид маргаашнаас эдгээр хананы урдуур цэцэг тарихаар төлөвлөж байгаа” гэлээ.