Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль албан ёсоор болж, өндөрлөлөө. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу байдлаар тэргүүлж, Монгол Улсын анхны зургаан жилийн хугацаатайгаар сонгогдсон Ерөнхийлөгч боллоо.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, "Зөв хүн-Электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдсөн юм.
МАН-аас хэвлэлийн хурал зарлаж, нэр дэвшигч У.Хүрэлсүх мэдээлэл хийсэн. Тэрээр “МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 хувийн саналаар ялалт байгуулж байна. Энэ бол асар их хариуцлага. Итгэл найдвар үзүүллээ, ард түмэн. Ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо эв нэгдлийн төлөө, сайхан ирээдүй бүтээхийн төлөө чөмгөө дундартал ажиллана. Хамт өрсөлдсөн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нартаа баярлалаа. Маш зардал багатай сонгууль болсон. Хоёр нөхөртөө гэр бүл, үр хүүхдэд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Монголынхоо ард түмэнд чинь сэтгэлээсээ талархлаа. Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээв.
Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэж хэн бэ?
Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн. 1985 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг төгсжээ. 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Түүнийг эгэл жирийн жолоочийн хүү хэмээн тодотгодог.
- Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдож, Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлж, хүч үзэж буй тэрээр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй олонх болоход их үүрэг гүйцэтгэсэн нэгэн.
МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас 100 хувийн саналаар У.Хүрэлсүх өрсөлдөгчгүйгээр нэр дэвших эрхээ баталгаажуулсан. У.Хүрэлсүх нь Ерөнхий сайдаасаа бууснаас хойш намын даргаа өгөөгүй байгаа. МАН-ын албан ёсны дарга, УИХ-ын гишүүн. Тэрбээр 2017 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2021 оны өөрийн хүсэлтээр огцорч байсан юм.
Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч хийж байсан түүнийг 1991 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан болжээ. МАХН-ын удирдлагууд тухайн үеийн УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх болгон томилсноор өдөөгөөг хүртэл улс төрд зүтгэж байгаа юм. Төрийн дээд албан тушаалыг олон жил хашсан улс төрчдийн тоонд зүй ёсоор багтдаг. Тэрбээр МАХН-ын хамгийн хүнд гэгдэх цаг үе буюу 1990-ээд онд намаа хамгаалан өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн зарлаж байжээ. 2000-2004 оны нэг хүний засаглалтай МАХН-д ганцаараа сөрөг хүчин болж, намынхаа шатсан тугны тасархайг толгойдоо зүүн М.Энхболдын Засгийн газрыг авч үлдэхийн төлөө тэмцэж буйгаа илэрхийлсэн байдаг.
У.Хүрэлсүх 2000 онд УИХ-ын ээлжит сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2004-2012 онд УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан түүхтэй. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын алба хашиж байв. Мөн 2008 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Тухайн үед УИХ-ын сонгуулийн үр дүнд эсэргүүцсэн жагсаал болж, МАХН-ын байрыг шатааж байсан түүхтэй. Энэ үед У.Хүрэлсүх намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, үнс нурман дундаас одоогийн Тусгаар тогтнолын байрыг барьсан хэмээн үнэлэгддэг.
- Тэрбээр намынхаа генсек байхдаа хуучин нэрээ сэргээнэ хэмээн намын удирдлагуудынхаа өөдөөс сөрөн “Намын нэрийг сольсноор ялагдвал би хариуцлага хүлээнэ” хэмээн МАХН-ыг МАН болгосон түүхтэй. Ингэснээрээ МАН, МАХН хэмээн хуваагдаж, энэ нь УИХ-ын сонгуулийн дүнд нөлөөлсөн гэдэг. Үүний дараа тэрбээр намынхаа ерөнхий нарийн бичгийн даргийн албан тушаалыг хүлээлгэн өгсөн байдаг.
2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ намын жагсаалтын хоёрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтэй өөрөө гаргаж байжээ. Тухайн үедээ үүнийгээ ар гэрийн гачигдлаас болсон хэмээн тайлбарласан байдаг. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, БНСУ-д эхнэрээ эмчлүүлсэн гэдэг ч удалгүй Австрали Улсыг зорьсон байдаг.
2014 онд эх орондоо ирж, Монгол Улсын шадар сайдаар томилогдсон юм. 2016 онд М.Энхболдын Засгийн газарт Шадар сайдаар улираан томилогдов. Гэвч тэрбээр Шадар сайдаар ажиллаж байх хугацаандаа Засгийн газраа унагаж өөрөө Ерөнхий сайд болсон юм. Тухайн үед МАН-аас УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар өрсөлдөж, санал хураалтаар У.Хүрэлсүх 188, Ө.Энхтүвшин 101, Н.Энхболд тав санал авснаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болов. Тэрбээр “шударга ёсыг тогтоож, Монголын төрд бугшсан булхай луйврыг үгүй хийнэ” хэмээсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх хоёр удаагаа томилогдон “Мэргэжлийн” гэх тодотголтой шинэ Засгийн газрыг байгуулан ажиллаж байв.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1985 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль
- 1999 онд Батлан хамгаалахын их сургууль, улс төр судлаач
- 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүйч
- 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч
- 1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан
- 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх
- 1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал
- 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
- 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх
- 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
- 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн
- 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
- 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
- 2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч
- 2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд
- 2017 оноос Монгол Ардын Намын дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хөрөнгө, орлого
Жилийн орлого: 182 сая 706 мянга.
Гэрийн бүлүүдийн орлого: 0
Орон сууц-1, зуслангйн байшин-1. Нийт үнэлгээ нь: 162 сая.
Тээврийн хэрэгсэл: Mercedes Benz ML350-1, Harley Davidson мотоцикль- 1, Lexus 570-1. Нийт үнэлгээ нь 284 сая.
Таван га газар-1. Үнэлгээ нь 7.5 сая.
Үнэт эдлэл: 100 сая.
Хадгаламж: 1.6 тэрбум.
Авлага: 0
Мал аж ахуй: 0
Хувьцаа эзэмшигч аж ахуйн нэгжүүд: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа, “Илт хан” ХХК-ийн 58 хувь.
Бэлэг, өв залгамжлал, хандив: 0