Найм дахь удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн сонгуулийн байранд саналаа өглөө.
Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулиар зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгуулийн явц ирц нэлээд өндөр явж байна гэж харагдаж байна. Сонгогчдодоо хандаж хэлэхэд, ёс зүйт төрийг бий болгох, тэр дундаа хяналттай байлгах боломжийг хангасан сонголт хийгээсэй. Өрсөлдөгчдөдөө амжилт хүсье. Өвдсөн нь хурдан эдгэрч ажилдаа орохыг хүсье. Миний хувьд өнөөдрийн гажуудсан төрийн тогтолцоог хэрхэн зөв болгох вэ гэдгийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Сонгуулиар асар их хэмжээний мөнгө тарааж байна. Мөнгө тарааж байгаа асуудлыг манай хуул хяналтын байгууллагууд ханаа хяналтдаа авахгүй байна. Шударга бус сонгууль болох магадлал өндөр байна. Хууль хяналтын байгууллага үүнийг хяналтандаа авч чадахгүй байна. Өнөөдөр өглөө гэхэд манай гэр бүлийн хүний эгч нь гэхэд 100 мянган төгрөг аваад саналаа өгсөн байх жишээтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр саналыг худалдаж авч байна. Мөнгө тарааж байгааг нь авчих. Гэхдээ мэргэн сонголт хийгээрэй. Дарангуйлал бодит байдал болсон. Дарангуйллаас салья гэвэл зөв сонголт хийгээрэй гэж уриалмаар байна. СЕХ асуудлыг шийдэхгүй байна. Залуучууд маань төрийн үйл ажиллагаанд хариуцлагатай оролцмоор байна. Залуучуудын хувь заяа өөрсдийн чинь гарт байна. Мэтгэлцээний хувьд бүтэн өдөржин хүлээсэн. Харамсалтай нь нэг өрсөлдөгч халдвар авсан, нөгөө нь ирээгүй. Манай санхүүгийн албаны нягтлан бодогчийг үндэслэлгүйгээр баривчилсан. Биедээ 23 сая төгрөг авч явсан юм билээ. Би өөрийн биеэр очсон. Ганцаараа машинаа бариад явсан эмэгтэй хүнийг хүчээр барьсан. Би үүнийг гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж харж байна" гэсэн юм.