Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдээс санал авах ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, тавдугаар сарын 30-31-ны хооронд хилийн чанадад байгаа иргэдээс санал авсан. Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр бүтгүүлсэн иргэдээс 5618 сонгогч буюу нийт бүртгүүлсэн иргэдийн 76 хувь нь саналаа өгсөн талаар СЕХ-ноос мэдээлсэн билээ.
Бид Оном Сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатартай цахимаар ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хүрээнд гадаадад байгаа иргэдээс санал авах ажил өрнөсөн. Ерөнхийлөгчийн сонгуульд та идэвхтэй оролцсон байсан. Таны ойр орчимд байгаа иргэдийн идэвх хэр байв. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ач холбогдол өгч байгаа шалтгаан юу байгаа бол?
-Энэ жилийн сонгуульд манай гэр бүл амьдран сууж байгаа Цахиурын хөндий гэж ярьдаг Сан Францискод байгаа Ерөнхий консулын газарт 400 гаруй хүн санал өгөхөөр бүртгүүлсэн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 200 гаруй хүн бүртгүүлсэн байдаг юм билээ. Тэгэхээр тоо хоёр дахин өссөн. Үүний шалтгаан нь сонголттой сонгууль болж байгаа. Тэр тусмаа ХҮН электорад эвслээс дэвшиж байгаа техникийн ухааны доктор, системийн инженер Дангаасүрэнгийн Энхбат гуай эрдэм мэдлэгтэй боловсролтой. Шинэ үеийнхнийг нэлээд их татаж, хүсэл сонирхол, оролцоог нь нэмэгдүүлсэн үйл ажиллагаа болж байна. Манай шинж үеийнхэн, монголчууд бид энэ улс орноо хөгжүүлэхдээ өөрсдөө оролцохгүй л юм бол нөхцөл байдал төвөгтэй юм байна гэдгийг дор бүрнээ ойлгож байх шиг байна. Залуу, шинэ үеийн оролцоо маш их болсон ийм сонгууль болж байна.
Олон мянган км замын цаанаас оролцож байгаа, жишээлбэл Чикаго хотод хамгийн олон буюу 15 орчим мянган монгол хүн буюу бараг монголын долоон сумын дайтай хүн амьдардаг. АНУ-д 40 орчим мянган монгол хүн байгаа гэсэн тоо баримт ЭСЯ-наас гаргадаг. Тэр хүмүүс Чикагод Консулын газар байхгүй учраас бидэнд байгаа Монгол Улсын хуулиар Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн гаар болон Монгол Улсын ЭСЯ-нд биечлэн очиж, саналаа өгнө гэдэг учраас урьдчилж бүртгүүлдэг.
Тавдугаар сарын 30, 31-нд бид сонгуулиа өглөө. Манай гэр бүлийн хувьд харьцангуй гайгүй нэг цаг орчим 100 гаран км-ын газраас Санфранциско орж сонгуулиа өгсөн. Хүмүүс жишээлбэл, 1000 км туулж Чикагогоос Вашингтон орж саналаа өгч байна. Тэр чинь Говь-Алтай аймгаас Улаанбаатар орж саналаа өгч байгаатай адилхан. Олон цаг явна, ядарна, замдаа унтаж, хооллох хэрэгтэй болно. Маш их зардалтай зүйл болж байна. Цаашид Монгол хүн хаана ч амьдарч байсан сонгуулиа өгдөг, Үндсэн хуулийнхаа эрхийг эдлэх боломжийг монголын төр хангаж өгөх хэрэгцээ, шаардлагатай байна. Шуудангаар, цахимаар гээд бүх төрлөөр хийх боломжтой болсон. Үүнийг зохион байгуулаад хийх ёстой гэж бодож байна.
Би өөрийнхөө хувьд ярихад Д.Энхбат докторыг дэмжээд “Шинэ үе шинэ сонголт” гэж бүлгэмийг байгуулаад гадаадад болон монголд байгаа монголчууд холбогдож зохион байгуулалтад орж байна. Бид цэвэр сайн дурынхан. Ямар нэгэн мөнгө, албан тушаалтай холбоотой зүйл байхгүй. Сонгууль дууслаа маргааш нь тараад явах л бүлгэм. Түр хугацаанд зохион байгуулалтад ороод зүрх сэтгэл, өөрийн итгэл, үнэмшлээрээ дэмжиж байгаа гэсэн үг.
Хувийн зүгээсээ анх удаа улс төрийн сонгуульд хандив өгч үзлээ. Хувь хүн гурван сая төгрөгийн хандив өгч болдог юм байна. Д.Энхбат докторын сонгуулийн арга хэмжээнд гурван сая төгрөгийн хандив өгсөн. Их л сонирхолтой, олон хүн оролцсон сонгууль болж байна.
Хэн нэгэн гаднын хүн орж ирээд улс орныг минь хөгжүүлж өгөхгүй. Бид өөрсдөө л улс орноо урагш нь авч явна. Тиймээс бид бүгдээрээ оролцдог, төрдөө хяналт тавьдаг болж төр урагшаа явна. Ковидийн нэг гарч ирж байгаа үр дүн бол монголын төр үнэхээр ямар чадамжгүй болсон юм бэ, үнэхээр юм хийж чаддаггүй юм байна гэдгийг бүгд хараад сууж байна. Бид чадамжгүй төртэй, чадамжтай болгохын тулд хүн бор дор бүрнээ боловсрол, мэдлэгээ сайжруулах хэрэгцээтэй байна. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байна. Хойч үе, хүүхэд залуусаа илүү сайн сургадаг болох хэрэгтэй байна. Дээр нь нэмээд бид энэ нийгмийнхээ үйл явцад бүгдээрээ оролцдог, хяналт тавьдаг иргэний нийгмийн оролцоо амин чухал хэрэгцээтэй гэдэг нь өдрөөс өдөрт тод харагдаж байна. Үүний илрэл болсон сонгууль болж байна гэж харж байна” гэлээ.