Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа өчигдрөөс албан ёсоор эхэлсэн.
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд Тусгаар тогтнолын ордонд сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийн гэр бүлийнхэн нь, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, парламентын гишүүдийн төлөөлөл, намын гишүүд дэмжигчид оролцсон юм.
Ийнхүү сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор нээсэн У.Хүрэлсүх төв талбайгаас Сүхбаатар аймгийг зорьсон. Түүний орон нутагт иргэдтэй хийж буй сонгуулийн сурталчилгаа халдвар хамгааллын дэглэм алдагдсан нөхцөлд боллоо. Цар тахал тоглоом биш. Улс орон даяараа хатуу хөл хорио тогтоон халдварын тархалтаа хумиад байгаа энэ цаг үед дахин халдвар тархахгүй гэх баталгаа алга. Халдвар хамгааллын дэглэмд хүн хоорондын зайг 1.5-2 метр гэж заасан байдаг ч хоёр төө ч хүрэхгүй зайтай сандлууд эгнүүлэн тавьж нүд хуурсан зүйлс хийжээ. Улс орон даяараа дархлаажуулалтаа идэвхжүүлж хүн амаа халдварын эрсдэлээс хамгаалахаар тэмцэж байгаа энэ цаг үед сонгуулийн сурталчилгаанд коронавирусийн халдвар нөлөөлөхгүй гэж үү?
Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа өчигдөр "Нэр дэвшигчид сонгогчидтой хийх уулзалтаа аль болох гадаа талбайд зохион байгуулах нь зүйтэй. Хүн хоорондын зай баримтлах, бүртгэл хөтлөх, халуун хэмжих, хүүхэд дагуулж ирэхгүй, маск зүүж, бээлий өмссөн байх ёстой зэрэг халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөнө. Энэ бүхэнд сонгууль эрхэлсэн байгууллагаас хяналт тавина. Хэрвээ битүү орчинд уулзалт хийх юм бол агааржуулалт, цэвэрлэгээг давхар хариуцаад явах хэрэгтэй" хэмээн мэдээлсэн.
Харин бодит байдал дээр дүүрэн хүнтэй, битүү орчинд сонгуулийн сурталчилгаа эхэллээ.