Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан юм. Үүнтэй холбогдуулан иргэдээс энэ удаагийн сонгуулийг “Сонголттой сонгууль” байж чадаж байгаа эсэх талаар тодрууллаа.
Улс төрийн байдлыг иргэн хүний хувьд ажиглаж л байна. Сонгууль болохоор асуудлууд ар араасаа гараад ирдэг. Аль аль талдаа л байдаг биз. Миний хувьд хийсэн зүйлтэй намыг нь дэмжиж сонгоно доо.
Би сонгууль өгөхгүй. Миний хувьд аль нь ч ялгаагүй гэж бодож байна. Нэр дэвшиж байгаа гурван дэвшигч таалагдахгүй байгаа. Миний эргэн тойрон дох хүмүүс ч сонгууль өгөхгүй гэж ярьж байна билээ. Би ч мөн саналаа хэнд ч өгөхгүй. Дахин сонгууль болж магадгүй гэж харж байна.
Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшиж буй дэвшигчид дундаас сонгочихоор хүн байхгүй байгаа. Гэсэн ч иргэний үүргээ биелүүлээд сонгуулиа өгнө гэж бодож байна. Цагаан сонголтыг миний хувьд буруу гэж боддог. Дахин сонгууль болвол дахиад зардал гарна шүү дээ. Тиймээс залуусыг идэвхитэй саналаа өгөөсэй л гэж бодож байна даа.
Энэ удаагийн сонгуулийг үнэндээ сонголтгүй байна гэж харж байна. Хоёр тал болоод хуваагдчихсан энэ нийгэмд хүмүүс сонголтон дээрээ их эргэлзэж байгаа. Би сонгуулиа өгнө гэж боддог ч хэнд өгөхөө сайн мэдэхгүй байна. Мөрийн хөтөлбөрүүдтэй нь л сайн танилцана даа.
Мэдээж би сонгуулиа өгнө. Гэсэн ч хэнд өгөхөө мэдэхгүй байна. Сошиал сувгуудаар нэгнийгээ муулж доромжилсан хар PR-ууд явах юм. Боловсролын түвшинг нь харж сонгуулиа өгнө.
Гурван нэр дэвшигч хоорондоо ижилхэн санагдаад байгаа. Саналаа өгөх ч, сэтгэлд хүрэхгүй сонгууль гэж бодож байна.