Норжмаагийн Байгальмаа Монголын нийслэл Улаанбаатар хотоос Их Британийн нийслэл Лондон хот хүртэл 12,000 км замыг тэмээгээр туулах гурван жилийн аяллаа эхлүүлж байсан цаг саяхан. Гэвч тэмээтэй аялал нь цар тахлын улмаас түр завсарлаад байсан юм. Тэрээр тэмээтэй аяллаа түр завсарлан хувцас загварын салбарт үндэсний дээл хувцас урлан түүнийхээ талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан билээ.
Идэр есийн жавар тачигнасан хүйтэнд зовлон бэрхшээлийг ажрилгүй туулж байсан тэмээчин бүсгүй Н.Байгалмаа бурханы орныг зорьсон харамсалтай мэдээг түүний ар гэрийнхэн дуулгалаа. "Бидний хайрт хань, халамжит ээж маань, энхрий хайрт охин, Н.Байгалмаа маань 2021 оны 05 сарын 16 ны шөнө зуурдаар биднийгээ үүрд орхиж, нөхөж баршгүй их гарз хохирол, уй гунигийг үлдээн одлоо.
Та минь эх болсон дэлхий, энхрий Монгол нутаг,үр хүүхэд элгэн садандаа эргэн төрөхийг хүсэмжлэн, сэтгэлийн цацал өргөнөм.
Таны минь хөдөлмөрч хичээнгүй, шударга зан, гэгээн зам мөр, үйл бүхэн биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд орших болно. Мөнх тэнгэрийн орондоо тайван нойрс доо" хэмээн түүний ээж цахим хуудснаа бичжээ.
Түүний ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.