АНУ-ын халдварт өвчинтэй тэмцэх төв өчигдөр цар тахалтай холбоотой хорио цээрийн зөвлөмжөө шинэчилжээ. Ингэхдээ вакцинжуулалтад бүрэн хамрагдсан Америкчуудад амны хаалтыг гадаад болон ихэнх дотоод орчинд зүүхгүй байхыг зөвшөөрсөн байна.
Мөн бүрэн дархлаажсан иргэдэд ихэнх газарт хүн хоорондын зай барих шаардлагагүйг зөвлөжээ. Амны хаалт зүүхийг шаардах эсэх нь төрийн болон хувийн байгууллагуудын дотоод журмын хүрээнд зохицуулагдах ёстой асуудал болж байна.
“CDC-ээс гаргасан чухал мэдээ: Хэрвээ та вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бол ихэнх гадаад болон дотоод орчинд амны хаалт зүүх шаардлагагүй боллоо. Вакцинжуулалтад хамрагдах, амны хаалт зүүхийн алийг ч сонгосон та цар тахлын төгсгөл хүртэл өөрийгөө хамгаалаарай” гэж Цагаан ордны албан ёсны твиттер хуудсанд мэдээлсэн байна.
АНУ даяар коронавирусийн халдвар авах явдал огцом буурсан, өсвөр үеийнхнийг вакцинжуулж эхэлсэн, вакцинууд коронавирусийн мутацлагдсан хувилбаруудаас сайн хамгаалж байгаа зэрэг хүчин зүйлсийн үр дүнд шаардлагыг сулруулж байгаагаа CDC-ийн захирал Рочелл Уоленски тайлбарлажээ.
Вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс, хамрагдсан хэдий ч Covid-19 өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүс амны хаалт зүүх ёстой болж байна.
CDC-ийн шинэ зөвлөмж нь Америкчуудыг цар тахлын өмнөх хэвийн амьдралд шилжүүлэх чухал алхам болж байгаа юм. Бас вакцинжуулалтад хамрагдахаас зайлсхийж буй хүмүүсийн бодлыг өөрчлөхөд нөлөөлнө гэж үзэж байна.