УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай ярилцаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” болон төсвийн шинэчлэл, цаг үеийн бусад асуудлаар дэлгэрэнгүй хариулт авлаа.
-Сангийн сайдаас хамгийн түрүүнд “Ковид-19” цар тахлаас хамгаалах вакцинжуулалтын санхүүжилт, түүний хэрэгжилт хэрхэн явж байгаа талаар асуумаар байна. Санхүүжилт баталгаатай юу? Төлөвлөгөө, явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын Засгийн газар Ковид-19 цар тахлаас ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр бүхий л боломжит арга хэмжээг авч ажиллаж байна. Нэн тэргүүнд Ковид-19 цар тахлын эсрэг вакцинаар хүн амаа яаралтай дархлаажуулах зорилтыг тавьж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас чанар, аюулгүй байдлыг судлан баталгаажуулж, урьдчилан зөвшөөрөл олгоcон вакцинаас Монгол Улс авч ашиглах, вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, бэхжүүлэхээс гадна хүчилтөрөгчийн бага оврын станц байгуулах, улсын хэмжээнд дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг Улсын төсвөөс болон Япон улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай яриа, хэлэлцээ хийж бүрдүүлсэн. Мөн вакцины санхүүжилттэй холбогдуулан КОВАКС (COVAX) хөтөлбөрийн талаар ярих шаардлага бий.
Ковид-19 цар тахлын эсрэг вакцины хөгжүүлэлт, үйлдвэрлэлт нь эрэлт хэрэгцээг тэр бүр гүйцэхгүй байгаа. Тиймээс улс орнуудыг өндөр хөгжилтэй, хөгжиж байгаа ангиллаас үл хамааран хүн амын 20 хувьд ногдох хэмжээний вакциныг үнэ төлбөргүй, тэгш хуваарилах зорилго бүхий КОВАКС хөтөлбөрийг ДЭМБ, ЮНИСЕФ, Дэлхийн банк болон Билл&Мелинда Гэйтс сан хамтран санаачилж эхлүүлсэн. Монгол Улс 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр КОВАКС хөтөлбөрт нэгдсэн. Улмаар төрөл бүрийн вакциныг хүлээн авах, хадгалах, тээвэрлэх, вакцинжуулах бэлтгэлийг хангаж, олон улсын аргачлалаар 2 ч удаа үнэлгээ хийлгэж, хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд вакцин хүлээж авах 18 улсын нэг болсон. Мөн Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл байдалд хөрш, найрсаг харилцаатай, вакцин үйлдвэрлэгч томоохон улсууд цаг үеэ олсон тусламж үзүүлж байна. Тодруулбал, БНХАУ-ын Вероселл вакцин 300,000 тун, БНЭУ-ын Астразенека вакцин 150,000 тун, ОХУ-ын Спутник В вакцин 10,000 тунг тус тус хүлээн аваад байна.
Энд онцлон хэлэхэд олон улсын байгууллагууд (тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг), бусад хөрш болон түнш орнууд (ялангуяа, Япон, Хятад, ОХУ болон Энэтхэг зэрэг)-д Монгол улсын ард иргэд, Засгийн газар болон хувийн зүгээс гүн талархлаа илэрхийлье. Засгийн газар хүн амаа нэн яаралтай вакцинжуулах зорилтын хүрээнд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан нийлүүлэгдэх вакциныг хүлээлгүйгээр БНХАУ-ын Синофарм компани, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан, мөн ХБНГУ-ын Файзер-Бионтек компани, Энэтхэгийн Серум Институттэй яриа, хэлцэл хийж байна. Эдгээр яриа хэлцлийн үр дүнд 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 300,000 тун Вероселл вакцин орж ирсэн. Мөн 4 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд нийт 900,000 тун, мөн 5 дугаар сарын 2-ны байдлаар нэмж 800,000 тун Вероселл вакциныг гэрээ хэлцлийн дагуу худалдан авч, ард иргэдээ вакцинжуулах ажил хэвийн үргэлжилж байна.Вакцинжуулалтын явцын тухайд, Монгол Улс өнөөдрийн 5 дугаар сарын 03-ны байдлаар хүний амын нийт 60 хувь буюу 2 сая 67 мянган хүнийг вакцинжуулах төлөвлөгөөний хүрээнд 947,529 иргэнээ 1-р тунгийн вакцинжуулалтад бүрэн хамруулаад байгаа ба үүнээс 451,063 иргэн 2-р тунгаа хийлгээд байна.
Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилтуудыг аль болох зөв хослуулах тал дээр хичээн ажиллаж байна. Энэ хүрээнд 10 их наядын хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын макро эдийн засагт гарах өөрчлөлт, гол үр дүнг юу гэж харж байна вэ?
Юуны өмнө дэлхий нийтээр 2020 оны эхнээс Ковид-19 цар тахалтай нүүр тулж, эдийн засгийн хүндхэн сорилтой тулгарсныг бид мэднэ. 2020 оны эхнээс хүмүүс хооронд зай барих, хөдөлгөөнийг хязгаарлах, хөл хорио тогтоох зэрэг хязгаарлалтын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлснээр Ковид-19 цар тахлын хүний эрүүл мэндэд үзүүлж болох хор хөнөөлийг тодорхой хэмжээгээр хязгаарласан. Мөн цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг зөөллөхөд төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн дайчлан ажиллаж байна. Тухайлбал, Засгийн газраас өнгөрсөн оны 4 дүгээр сараас энэ оны 7 дугаар сарын 1-н хүртэл нийтдээ 5.1 их наяд төгрөгийн өртөгтэй төсвийн арга хэмжээ (Тухайлбал, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтүүд, нийгмийн халамжийн хөтөлбөрүүд, ус, цахилгааны төлбөр, иргэн бүрт 300’000 төгрөгийн дэмжлэг гэх мэт)-үүдийг цаг алдалгүй хэрэгжүүлж байна. Ийнхүү иргэд, ААН-ийг дэмжсэнээр иргэдийн амьжиргааг хамгаалах, олон ААН-ийг хаалгаа барихаас сэргийлэхэд тодорхой дэмжлэг болсон. 5.1 их наяд төгрөгийн төсвийн дэмжлэг гэдэг бол 2020 оны эдийн засгийн хэмжээтэй харьцуулахад 13.7 хувьтай тэнцэж байгаа нь бусад оронтой харьцуулахад, ялангуяа бүс нутагтаа харьцангуй өндөр үзүүлэлт. Тухайлбал, Дэлхийн банкны судалгаанаас харахад Зүүн өмнөд Азийн орнууд эдийн засгийнхаа 5 орчим хувьтай тэнцэх хэмжээний төсвийн арга хэмжээг 2020 онд авч хэрэгжүүлсэн бол харин бид аль хэдийн 14 орчим хувь буюу бараг 3 гаруй дахин өндөр хэмжээний дэмжлэг үзүүлээд явж байна. Өөрөөр, хэлбэл Засгийн газраас өөрийн төсвийн нөөц боломжоо бүрэн шавхаж иргэд, ААН-үүдээ дэмжихэд чиглэж байгааг онцолмоор байна. Гэсэн хэдий ч цар тахлын нөлөө даамжирч, бичил бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн дутагдал үүсэх, ажлын байраа үргэлжлүүлэн хадгалахад хүндрэлтэй хэвээр байгаа тул “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г ЗГ болон Төвбанк хамтран хэрэгжүүлж байна.
Цар тахлын улмаас 2020 онд эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 12 хувь болж нэмэгдсэн. Мөн зах зээлийн тодорхойгүй байдлын улмаас банкуудаас олгох зээлийн хэмжээ буурч, банкуудын нийт 8.0 их наяд төгрөгийн чөлөөт эх үүсвэр Төв банкин дээр байршсан байсан. Харин 2020 онд нийт 65-68.9 мянган ажлын байр алдагдаж, цаашид эдийн засгаа сэргээх арга хэмжээ авахгүй нөхцөлд нэмж 130.0 мянган ажлын байр алдах эрсдэлтэй байлаа. Иймд 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг цар тахлын өмнөх түвшинд буюу эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувьд хүргэн сэргээж, ажлын байрыг дэмжихийн зэрэгцээ инфляц, гадаад валютын албан нөөцийн зохистой түвшинд хадгалж, төлөвлөгөөний хэрэгжилт мөнгөний бодлогын зорилтуудтэй нийцтэй байхад онцгой анхаарна.
-Банкны салбарын системийг ашиглах нь хэр оновчтой шийдэл вэ?
– Банк гэдэг бол санхүүгийн зуучлал хийдэг үндсэн үүрэгтэй байгууллага. Эдийн засагт байгаа хуримтлал, нөөцийг үр ашигтай төсөл, хөтөлбөр рүү чиглүүлж, өсөлтийг хангадаг санхүүгийн чухал үүрэгтэй институц. Зах зээл дээр гадны гэнэтийн шок орж ирэхэд санхүүгийн зуучлал хийх үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болж, эрсдэлийг тооцох боломж буурах байдал ажиглагддаг. Ингэснээр аль болох эрсдэлгүй актив уруу эх үүсвэрээ байршуулах хандлага бий болдог. Одоогоор цар тахлын нөлөө санхүүгийн салбар, тэр дундаа банкны салбарын зээлийн чанарт ч багагүй дарамт болж байгаа. Ялангуяа зээлийн хугацаа хэтрэлт нэмэгдэх, банкуудын зээлийн чанарт эрсдэл үүсэх нөхцөл байдал зарим талаар ажиглагдаж байгаа орчинд банкууд эдийн засагт зээл гаргах тал дээр харьцангуй болгоомжтой хандаж байсан. Тухайлбал, Төв банканд арилжааны банкуудын байршуулж байгаа чөлөөт эх үүсвэр 2019 оны эцэст 4.4 их наяд байсан бол 2020 оны 2 дугаар сарын эцэст 8.6 их наяд төгрөгт хүрээд байсан. Иймд Засгийн газар, Төвбанкны хувьд эдийн засгийн өсөлтийг хангах, ажлын байрыг хамгаалах, бизнесийн орчныг хадгалж үлдэхийн тулд энэхүү цусны эргэлтийг бий болгож, эрсдэлээс хуваалцах шаардлага бий болсон. Энэ үүднээс Засгийн газар болон Төв банк энэхүү 10 их наядын төлөвлөгөөг санаачлан хэрэгжүүлж, хүндрэлтэй энэ үеийг давах бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгарсан. Тиймээс эдийн засгийн сэргэлтийг үргэлжлүүлэн дэмжихэд одоо хэрэгжиж буй 5.1 их наяд төгрөгийн төсвийн арга хэмжээнүүдтэй хавсран санхүүгийн салбарын дэмжлэгийг нэмэгдүүлэх хүрээнд Төв банканд хуримтлагдаад буй банкуудын чөлөөт эх үүсвэрийг эдийн засагт оруулж иргэд, ААН-ийг дэмжихээр Засгийн газар, Төв банк хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд 10 их наядын хөтөлбөрт багтсан зарим хөтөлбөр (тухайлбал, хувиараа бизнес эрхлэгч иргэд, ААН-ийн ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл, хөдөө аж ахуйн салбарт хаврын тариалалт, ноолуур бэлтгэл болон малчдын үйл ажиллагааг дэмжсэн хөнгөлөлттэй зээл)-ийг банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлж байна. Энэ нь банкуудын зээлийг идэвхжүүлэхэд ялангуяа эдийн засгийн идэвхжлийн чухал сарууд болох хаврын улиралд маш чухал үүрэгтэй. Мөн энэхүү төлөвлөгөө нь эдийн засгийн хүндрэлтэй үед зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх томоохон хөшүүрэг болж байгаа.
Зээлийг хүртээмжтэй байх талаар хэрхэн анхаарч байгаа бол. Хэрэгжилт талдаа нугалаа үүсгэхгүй байхаас хэрхэн сэргийлж байна вэ?
-Хүртээмжтэй байх нь энэ 10 их наядын төлөвлөгөөний гол зорилтуудын нэг. Бид зээлийн шаардлага, нөхцөлийг аль болох уян хатан байлгаж иргэд, ААН-д ямар нэгэн чирэгдэл учруулахгүй байхад онцгой анхаарч байгаа. Банкуудтай ч мөн тогтмол хамтран ажиллаж, зээлийн нөхцөлүүдийг уян хатан байлгах, зээл шийдвэрлэх хугацааг богиносгох гээд олон талаар анхаарч ажиллаж байна. Зарим зээлдэгчдийн хувьд банкнаас тавьж буй барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй нөхцөл байдал үүсдэг бол Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хэрэгжилтийн шатанд алдаа гаргахгүй байх тал дээр Төв банк, Засгийн газар, мөн олон нийтийн оролцоог тэгш ханган хамтран нягт хяналт тавин ажиллаж байна. Зээлийг мэргэжлийн институц буюу банкууд өөрсдөө олгож байгаа учраас улс төрийн нөлөөлөл орох, алдаа, дутагдал гарах боломжийг аль болох бүрэн хаах чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. Ялангуяа Монголбанк арилжааны банкуудтай хамтран хяналт, шалгалтыг маш нягт тавьж ажиллаж байгаа. Засгийн газар ч энэхүү ажилд онцгой анхаарч ажлын хэсэг байгуулан ажиллаж байнгын хяналт тавьж байгаа. Түүнчлэн учирч болох эрсдэлийг бууруулах зорилгоор Олон нийтийн зөвлөлийг байгуулан идэвхтэй ажиллаж байна.
-Сангийн сайдтай уулзсаных төсөвтэй холбоотой асуулт байна. Та өмнө нь Төсвийн байнгын хорооны дарга байхдаа төсвийн шинэчлэлээр чухал санал гаргаж байсан. Төсвийн шинэчлэлийн гол чиглэлүүд юу байх вэ?
-Өнөөдөр татвар төлөгч иргэд төрөөс юу хүсэж байна вэ гэдгийг зөв мэдэрч, оновчтой шийдэл бүхий санхүүжилтийн тогтолцоог шинээр бүрдүүлэх асуудлыг ярих хэрэгтэй болоод байна. Иргэдийн бухимдаад байгаа зүйл нь тэдний төлсөн татварын мөнгөөр санхүүжүүлж байгаа төрийн үйлчилгээ нь хүнд сурталтай, чанаргүй байгаа гэх шүүмжлэл нэлээд явдаг. Тухайлбал, нийгмийн суурь үйлчилгээ болон эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал байна. Энэ гурван салбарт зарцуулж байгаа төсөв нийт төсвийн 70 хувийг эзэлж байна.Гэтэл эдгээр салбарт ч гэлтгүй өнөөдрийг хүртэл явж ирсэн нийтлэг төсвийн хуваарилалт нь төрийн албан хаагчдыг цалинтай, орлоготой байлгах талаас нь эсхүл төрийн албан контор, эмнэлэг, сургуулийг тавтай тохитой байртай байлгах талаас нь харж ирснээс бус төрийн үйлчилгээ иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байхаар өртөг зардал нь тооцогдож уу, тэдгээр үйлчилгээг хүргэх механизм нь оновчтой байж чадаж байна уу гэдэг талаас нь сайтар анхаарах шаардлагатай байна. Нэгэнт санхүүжилтийн механизм нь орц талыг нь хэт барьсан, дээрээс нь бодит өртөгтэй нь сайн уялдаагүй санхүүжилтийг хуваарилаад байхаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах боломж, сэдэл, сэтгэлгүй хангалтгүй байх талтай. Ингэж хуваарилсан төсвийн нэг төгрөг бүр үр ашигтай байж чадахгүй. Тэгэхээр бид төсвийн хуваарилалтыг хийх тогтолцоондоо өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм. Үүний тулд төрийн үйлчилгээ бүрийг чанартай, хүртээмжтэй хүргэхэд тулгарч байгаа асуудлуудыг тодорхойлж түүнийг нь санхүүжилтийн механизмаар нь дамжуулж шийдвэрлэх замаар зарлагын хуваарилалтад шинэчлэл хийхийг зорьж байна. Өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн санхүүжилтийн тогтолцооны өөрчлөлт бол энэхүү шинэчлэлийн нэг хэсэг байсан. Одоо бид ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, халамж, нийгмийн даатгал гээд шинэчлэл хийх хөтөлбөрүүдээ салбарын яамдтай нь зөвшилцөж эхлүүлээд байна. Энэхүү шинэчлэлийн агуулга дэлхийн бусад улс оронд үр дүнд суурилсан төсөвлөлт, хөтөлбөрт суурилсан төсөвлөлт гэсэн чиг хандлагаар хөгжөөд, өгөөжөө өгөөд явж байна. Энгийнээр хэлэх юм бол юуг санхүүжүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулахаас илүү яагаад үүнийг санхүүжүүлэх ёстой вэ, яаж санхүүжүүлэх вэ, санхүүжүүлсний дараа хүрэх үр дүн, үр нөлөөг хэрхэн бодитой, үнэн зөв хэмжих вэ гэдэгт анхаарна гэсэн үг юм. Үүний тулд төрийн үйлчилгээ нэг бүрийг хүргэхэд шаардлагатай үйл явц, алхам бүрийг хамгийн үр ашигтай байхаар зохион байгуулж, шаардагдах өртгийг бодитой тогтоох хэрэгтэй. Ижил төрлийн үйлчилгээ үзүүлэгч 2 байгууллагын үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж өөр байх нь үйлчилгээний өртөг бодитой байсан эсэхээс шууд хамаардаг. Өртгөөс нь доогуур санхүүжилт өгчихөөд сайн чанартай үйлчилгээ нэхэж болохгүй. Мөн үйлчилгээг хүргэж байгаа төрийн институцын механизм, дэд бүтэц, зохион байгуулалтыг орхигдуулж болохгүй. Хэрэв үүнийг орхигдуулах юм бол өөрчлөлт шинэчлэлт үр дүнд хүрэхгүй. Тиймээс бид төрийн үйлчилгээг цахимжуулах замаар захиргааны шат дамжлагыг цөөрүүлэх асуудал дээр онцгой ач холбогдол өгч байгаа юм. Бас нэг зүйл хэлэхэд, нэгэнт бид үр дүн, чанар, гүйцэтгэлийг онцолж байгаа тохиолдолд төсөв зарцуулж байгаа төрийн байгууллагад эрх мэдлийг давхар өгөх нь зүйтэй юм. Бид зардал нэг бүрийг нь хатуу хянаад байх юм бол нөгөө үйлчилгээ үзүүлэгч маань төсвөө үр ашигтай зарцуулах сэтгэл, сэдэл нь бий болохгүй шүү дээ. Харин эсрэгээрээ бид үр дүн, чанарыг л тэднээс шаардах ёстой. Хариуцлагыг ч мөн чангатгах хэрэгтэй. Засаглалын хувьд төсөвт байгууллагад эрх мэдэл олгохын бас нэг давуу тал бол ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааны хувьд заавал төрөөс хараат байх шаардлагагүй болж байгаа юм. Учир нь санхүүжилтийн механизмын онцлог нь хэн сайн, чанартай үйлчилгээ үзүүлж чадна тэр хангалттай санхүүжилт авч түүгээрээ ажиллагсдын нийгмийн баталгааг хангах боломжийг давхар нээж өгч байгаа юм. Дээрх бүхнийг цогцоор нь хэрэгжүүлж байж бид төсвийн нэг төгрөг бүрийг үр ашигтай зарцуулдаг боллоо гэж хэлэх боломжтой болно.
Төсвийн шинэчлэлийг энэ удаад нэлээн өргөн хүрээтэй томъёолж, дорвитой шинэчлэлүүд хийхээр төлөвлөж байна. Төлөвлөж буй төсвийн гол шинэчлэлийн зарчмуудаас, төсөв мөнгөний бодлогын уялдааг хангаж, шинэ түвшинд хүргэх, далд эдийн засгийг хумьж, татварын бааз суурийг өргөтгөх, төсвийн нэг төгрөг бүрийн үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулж, ил тод болгох, иргэдийн цаг зав, зардлыг хэмнэсэн төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх юм. Мөн уул уурхайн экспорт, логистикийн татварын орлогыг бүрэн хурааж, ил тод, нээлттэй болгох, ТӨК-иудын ашигт ажиллагаа, ил тод байдал, засаглалыг дорвитой шинэчлэх болон, улсын хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэн бодитой, үр ашигтай төлөвлөх зэрэг юм. Дээр дурдсан шинэчлэлүүдийг хэрэгжүүлснээр эдийн засаг, төсвийн хувьд дараах үр дүнгүүдэд хүрэхийг зорьж байна. Тухайлбал, ирэх 3 жилд эдийн засгийг дунджаар 4-6 хувиар өсгөх, ажилгүйдлийн түвшинг зохистой хэмжээнд хадгалах, салбар хоорондын уялдаа, тэнцлийг сайжруулж, макро эдийн засагт төлбөрийн тэнцлийн үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахаар зорьж байна. Мөн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2024 оны эцэс гэхэд ДНБ-ий 2 хувьд хүргэн үе шаттай бууруулж, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувийг 60 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн. Мөн төр, хувийн хэвшил болон ГШХО-ын зөв хослолыг баримталж бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжихэд мөн онцгой анхаарна.
-Дээр дурдсанчлан орлого талдаа хийх шинэчлэлийг тодруулахгүй юу?
-Орлого талдаа татвар нэмэхээс илүүтэй татварын орчныг тэгш шударга болгож, бүртгэлийг цахимжуулах замаар далд эдийн засгаа бууруулж, авах ёстой орлогоо бүрэн авдаг болгох нь бидний зорилго. Ялангуяа байгалийн баялгийн орлогоос татварыг бүрэн хураадаг болоход орлогын нөөц бололцоо ч байна. Түүнчлэн, үндэстэн дамнасан компаниуд Монгол Улсын татвараас зайлсхийдэг явдлыг олон улсын дүрэм журам, стандартын хүрээнд таслан зогсоож орлогоо хамгаалах асуудалд онцгой анхаарч байна. Энэ чиглэлээр е-баримт системд суурилан татварыг цахимжуулах, энгийн хялбар болгож татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулах ажлуудыг эрчимтэй хийж байна. Цаашид татварын системийг улам бүр цахимжуулж, ухаалаг, энгийн хялбар болгоно. Татварын үйлчилгээ, тайлагнал, бүртгэлийг цахимжуулснаар хамрагдалт сайжрах, татварын орчин тэгш шударга болох, ил тод, үр ашигтай болж орлогын бааз суурь өсөх эерэг талтай. Нөгөө талдаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг оновчтой болгох, эрэмбэлэх, олон улсад нийтлэг хэрэгждэг төлсөн татвараас буцаан олгох замаар хэрэгжүүлж үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Сүүлд баталсан татварын хуулиудад орсон олон улсын татвартай холбоотой шинэчлэлүүд болон татварын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны үр дүн практикаар харагдаж байна. Цаашид үндэстэн дамнасан корпорациудын татвараас зайлсхийхийн эсрэг шинэчлэлийн ажлыг улам бүр сайжруулах, өргөжүүлэхэд бид анхаарах болно. Эцэст нь бид байгалийн баялгийн экспортоо бүрэн зөв тодорхойлж татвараа бүрэн авдаг болох, хил гаалийн нэвтрүүлэх чадвар, хяналт шалгалт, лабораторийн хүчин чадлыг олон улсын жишигт хүргэн нэмэгдүүлэх, экспортын тээвэр, логистикийн үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг хийж баялгийн үнэ цэнийг бууруулахаас сэргийлэх нь чухал байна.
-Төрийн өмчит компаниудын үр ашгийг сайжруулах талаар тодруулахгүй юу?
Төрийн өмчит компаниуд орлогын бааз суурийг нэмэгдүүлдэг тогтолцоо руу шилжихэд нэлээн том шинэчлэлийг үе шаттай хийх шаардлагатай. Нөгөө талдаа төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгжүүдийг яаж ажиллуулах ёстой вэ, төсөвт болон нийгэмд өгч буй үр ашгийг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудал тулгараад буй. Засгийн газар энэ асуудал дээр тодорхой чиглэл гаргаад төрийн өмчит компаниудыг ойрын жилүүдэд зохистой түвшинд хүргэх дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулан арга хэмжээ авна. Үйл ажиллагаа нь зохистой, үр ашгаа сайжруулж байгаа төрийн өмчит компаниудыг улам дэмжиж, цэвэр компанийн системд шилжүүлэн, засаглалыг сайжруулан, ил тод байдлыг дээд зэргээр хангуулах чиглэлээр анхаарч ажиллана. Харин стратегийн чиглэлийн төрийн өмчит компаниудаа тодорхойлоод төр 100 хувь эзэмших тал дээр анхаарна. Нөгөө талдаа үр ашиг муутай төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг ижил төстэйгөөр нь нэгтгэх, шаардлагатай бол татан буулгах байдлаар дорвитой шинэчлэх цаг болсон. Цаашдаа төрийн өмчит компаниудыг аль болох нээлттэй хувьцаат компани болгон үйл ажиллагааг шинэчлэх, үр ашгийг сайжруулах хувилбар байхыг ч үгүйсгэхгүй юм.
-Төсвийн хөрөнгө оруулалт үр ашигтай байх тал дээр ямар шинэчлэл хийх вэ?
-Төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ манай улс эдийн засгийн бүтцийн хувьд ижил төстэй бусад оронтой харьцуулаад тийм ч бага биш. Бүс нутагтаа бүр өндөрт тооцогддог. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэхэд л сүүлийн 15 жилд 14.6 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсан байна. Гол нь хөрөнгө оруулалтын үр ашгийн асуудлыг сайтар анхаарах шаардлагатай байгаа юм. Үнэхээр бид хэрэгтэй газраа зөв хөрөнгө оруулалт хийж чадаж байна уу, хөрөнгө оруулалт нь нийгмийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэж байна, хэдий хэмжээний үр ашгийг бий болгож байгаа гэдгийг байнга нарийн хянаж, хэмжиж явах ёстой. Хөрөнгө оруулалтын чиглэлээр үндсэн 3 шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээрт, улсын хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн тогтолцоо, систем бий болгох, тухайлбал, санхүүгийн ялгаатай эх үүсвэрүүд (төсвөөс, орон нутгаас, гадаад зээл тусламж, төр-хувийн хэвшлийн хэлбэрээр гэх мэт)-ээс үл шалтгаалан улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлт, нарийн хяналт, эрэмбэлэлт хийх тогтолцоог бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн төслийг оновчтой эх үүсвэрээр хэрэгжүүлдэг болно. Төсвөөс ямар нэгэн зардал гарч л байгаа бол бид хяналтаа тавьдаг, үр дүнг нь олон нийт хүртдэг байх шаардлагатай. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын төслүүдийн эрэмбэлэх, ач холбогдлоор үнэлэх цахим системд суурилсан аргачлалыг бүрэн нэвтрүүлж эрэлт хэрэгцээтэй, оновчтой, үр ашигтай төслүүдийг түлхүү хэрэгжүүлнэ. Сангийн яамны хувьд 2019 оноос хөрөнгө оруулалтын цахим системийг нэвтрүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилтийн үйл ажиллагааг цахим системд шилжүүлэн ажиллаж байна. Төсвөөс хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж байгаа гүйцэтгэгч компани санхүүжилт нь ямар шатандаа, хаана явж байгааг байнга харах, хянаж байх, нөгөө талдаа иргэд, олон нийт улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн байршил, хэрэгжилтийг нээлттэй харах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн. Энэ бүгдийг гар утаснаасаа хараад явахад нээлттэй байгаа шүү.
Одоо нэмээд шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтуудын төслүүдээ эрэмбэлэх асуудал чухал. Жил бүр төсөв дээр хөрөнгө оруулалт батлахдаа нийгэм, эдийн засгийн болон бусад ач холбогдлоор нь эрэмбэлж байж мөнгө тавьдаг олон улсын зарчим руу орох зайлшгүй шаардлагатай юм. Эцэст нь хөрөнгө оруулалт, түүний институцтэй холбоотой хууль эрх зүйн шинэчлэлийг эхлүүлнэ. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтын хариуцлагыг чангатгах, мөн концессын хуульд нэн шаардлагатай байгаа өөрчлөлтүүдийг оруулж, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн үр ашигт сайтар анхаарч, дорвитой шинэчлэл хийнэ. Одоогийн концессоор байгуулсан гэрээний хэрэгжилт, үр дүнг эргэн харж, ер нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх чиглэлийн тогтолцоо маань үр дүнтэй байна уу гэдэгт дүгнэлт хийх цаг болсон. Мөн түүнчлэн өмнөх хөрөнгө оруулалтын элэгдэл, хорогдлыг тооцох асуудлыг анхаарч үзэж, ялангуяа барилга байгууламжуудын их засвар, засвар арчилгааны санхүүжилтийг ашиглалтын хугацааных нь дагуу төлөвлөдөг болчихвол байгаа барилга байгууламжаа тордоод насжилтийг уртасгаад явах нь бас л хөрөнгө оруулалтын үр ашгийн чухал асуудал болоод байна.
Ирэх жилээс “Чингис”, “Самурай” зэрэг бондуудын төлөлт графикийн дагуу үргэлжилнэ. Эдгээр төлбөрийг хэрхэн төлөх чиглэлтэй байна вэ?
-Ирэх жилүүдэд өндөр дүнтэй бондуудын төлбөр хүлээгдэж байна. Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хүрээнд бид гадаад зах зээлийн нөхцөл байдал, зардал, эрсдэлийн судлаж, гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлж барагдуулах, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газар олон улсын зах зээл дээр “НОМАД” нэртэй бондыг амжилттай арилжаалж, “Чингис” бонд болон энэ онд төлөх “Мазаалай” бондын төлбөрүүдийг дахин санхүүжүүлж, улмаар сая энэ 4 дүгээр сарын эхэнд “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 133 сая ам.долларыг төлж барагдууллаа. Цаашид бид төсвийн нөөц боломждоо тааруулан төлөх боломжтой бондын төлбөрүүдээ төлнө. Харин хүүг нь бууруулж, эргэн төлөлтийн дундаж хугацааг нь уртасгах боломжтой бондууд дээр дахин санхүүжилт хийх, зардал багатайгаар шийдэхээр ажиллаж байна. Ялангуяа сүүлийн саруудад манай Засгийн газрын бондуудын өгөөж дэлхийн зах зээл дээр түүхэн доод түвшинд хүрээд байна. Энэ бол нааштай үзүүлэлт. Ихэнх улс орон төсөв мөнгөний тэлсэн бодлого явуулж байгаа учраас хөрөнгө оруулагчдын идэвх өндөр байгаа энэ цаг үеийг ашиглаад эргэн төлөлт нь тулсан бондуудыг дахин санхүүжүүлэх стратегийг баримтлан ажиллаж байна. Тодорхой тооцоо хийж, зах зээлийг нарийн ажиглаж байгаа учраас бондын төлбөрүүдийг хүндрэлгүйгээр шийдэх төлөвлөгөөтэй байна. Энд онцолж хэлэхэд төсвийн орон зай, нөхцөл боломжоо харж байгаад төлөх боломжтой бондуудаа төлнө, зарим төлбөрүүдийн хувьд дахин санхүүжүүлэх гэх мэт санхүүгийн бусад хувилбар, арга хэмжээг нарийн судалж байна.
-Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хэлэлцээ эхэлж байна. Төслийг Монголд үр ашигтай болгох талаар та ямар байр суурьтай байна вэ?
– Оюутолгойн хувьд бид юуны өмнө татвараа бүрэн төлөх шаардлагыг нэн тэргүүнд тавьж байна. Татвар тогтоох эрх нь аль ч тусгаар улсын дотоодын бүрэн эрхийн асуудал байдаг. Иймд татварыг бүрэн төлдөг байх, Монгол Улсын татварын хууль тогтоомжийг дагаж мөрддөг, хүндэтгэлтэй ханддаг байх, татвараас зайлсхийх, зугтаах аливаа үйл ажиллагаа хэрэгжүүлдэггүй байх нь цаашдын яриа хэлцлийн үндсэн шаардлага байх учиртай. Татварын асуудлаар бол аливаа хэлцэл хийх боломжгүй, зөвхөн УИХ-аас баталсан хуулийн хүрээнд нэг мөр зохицуулагддаг байх шаардлагатай. “Оюу толгой” ХХК бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон мянган аж ахуйн нэгжийн нэг. Бид татварын асуудлаар тус компанид онцгойлж тусад нь хандах боломжгүй. Төслийн үр ашгийн хувьд харилцан үр ашигтай байх, Монголын тал дийлэнх үр өгөөжийг хүртдэг байх үндсэн зарчим хэрэгжих шаардлагатай бөгөөд УИХ-аас өгөгдсөн үүрэг чиглэлийн хүрээнд Засгийн газраас яриа хэлцлийг хийх болно.
-Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг 5 дугаар сард УИХ-д өргөн барина. Үүн дээр ирэх 3 жилийн төсвийн төлөв ямар байхаар тусгахаар төлөвлөж байгаа вэ?
-Юуны түрүүнд төсвийн хүрээний мэдэгдэл нь ирэх 3 жилийн эдийн засгийн нөхцөл байдлын төсөөлөлд суурилан дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогын зорилтуудыг тодорхойлдог бөгөөд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хэрхэн хангах болон төсвийн орлого, зарлагад баримтлах тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулдаг. Дээр хэлсэнчлэн Ковид-19 цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого тасалдсан, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлийн арга хэмжээнээс голлон шалтгаалж зардал нэмэгдсэн зэргээс төсвийн алдагдал 2020 онд өссөн. Тиймээс төсвийн алдагдлыг цаашид шат дараатай бууруулах, өрийг зохистой түвшинд байлгах, мөн төрийн үйлчилгээг чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилан хүртээмжийг сайжруулах, хөрөнгө, оруулалтын үр ашигт онцгой анхаарч, эдийн засгийн сэргэлт, цаашдын нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийг дэмжих зорилгуудын хүрээнд төсвийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулан ЗГ-аас УИХ-д хуулийн хугацаанд багтаан өргөн бариад байна. Ирэх жилүүдийн төсвийн гол зарчим нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн өмнө дурдсан төсвийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх замаар төсвийн сахилга бат, үр ашиг болон ил тод байдлыг мэдэгдэхүйц сайжруулахаар зорьж байна. Энэ хүрээнд эдийн засгийг 2022-2024 онуудад дунджаар 4-6 хувиар өсгөх, төсвийн бүтцийн алдагдлыг 2024 оны эцэст ДНБ-ий 2 хувьд хүргэн бууруулах, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн Засгийн газрын өрийг 2024 оны эцэс гэхэд ДНБ-ий 50 хувь руу бууруулах зэрэг гол үзүүлэлтийг нэрлэж болно. Мөн дурдахгүй байхын аргагүй гол асуудал бол бид ирэх жилүүдэд томоохон гадаад төлбөрүүд хийнэ. Тиймээс зарим гадаад өр төлбөрийн удирдлагадаа онцгой анхаарч, нөөц боломждоо тулгуурлан эргэн төлөлт хийх, хямд эх үүсвэрээр дахин санхүүжүүлж, төсөвт учрах хүүгийн зардлыг бууруулж, төсөвт ачаалал багатай байх тал дээр онцгой анхаарч, өрийн тогтвортой байдалд тууштай чиглэнэ.