Улс төрийн нам, эвслүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр АН-ын дотоод сонгуулийн хороонд бүртгүүллээ. Тэрээр өнөөдөр Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд Ерөнхийлөгчийн сунгаанд оролцох материалаа хүлээлгэж өгөн бүртгэж авахыг хүслээ.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “Таны материалыг хүлээж авлаа. 15:00 цагаас Дотоод сонгуулийн хороо хуралдаж танд бүртгэж авсан эсэх талаараа албан ёсоор хариу өгнө. Танд баярлалаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Би Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшинэ гэдэгт их итгэлтэй байсан. МАН-ын 65 гишүүний санаачилсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг болж байна, зөв байна, монголын төрд цаашаа хэрэгтэй юм байна гэдгийг батламжилсан хүн шүү дээ. Өөрийнхөө эрхийг хасан хасан түүнийг хамтарч хийгээгүй байх. Тиймээс энэ асуудал нь Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихээр дуусах юм байна гэж өчигдөр оройг хүртэл би харлаа. Сүүлдээ Цэцийн шийдвэр хориг болон эцэслэгдээд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахиж нэр дэвшихгүй гэсэн заалт бараг хүчээр оруулаад цэг тавилаа. Түүний дараа би бодож байж энэ шийдвэрийг гаргалаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших гээд өрсөлдөж болох бүх хүнийг замаасаа зайлуулах ажиллагаа явууллаа. Шударга бус зүйлийг монголын нийгэмд устгамаар байна. Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад шударга бусын хонгил бий болгочихлоо ингэж болохгүй гэж 6-7 жилийн өмнө хэлж нэлээн нухлуулсан. Тэр хүнд хэцүү үед манай хэвлэл мэдээллийнхэн намайг дэмжиж үнэний дуу хоолой болж байсанд баярладаг. Би яагаад өчигдөр орой энэ шийдвэрийг гаргав гэхээр хүчиндсээр байгаад Х.Баттулга гэдэг хүн дээр цэг тавилаа. У.Хүрэлсүх ганцаараа яваад 62 хүнтэй МАН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг аваад Монгол Улс чинь Монгол Улс биш Монгол Ардын нам улс болох юм уу. Би 30 жилийн өмнө их сургуулийн багшаа орхиод ардчилсан хувьсгалд оролцож байхдаа ийм нийгэм болно гэж бодоогүй. Бодож байсан зүйл 180 градус буруу тийшээ байгаа учраас энэ сонгуульд нэрээ дэвшүүлье гэж шийдлээ. Шударга бусын хонгилыг устгаж, шударга ёсыг тогтоох хэрэгтэй байна. Байгалийн баялгийг 3 сая монголчууд хүрдэг зүйлийг өөрөө орж үзэлцэж хийх хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Би АН-ыг анх үүсгэлцсэн, ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн удаа ажилласан. Зургаан жил АН-ын дарга хийсэн хүн. Тэгэхээр би АН-аас явсан, гарсан, урвасан зүйл байхгүй. Намайг МАНАН бүлэглэлтэй тэмцсэний төлөө тэр үеийн манай намын дарга С.Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн намын хорооны хүмүүст хэлж байгаад намаас хасах шийдвэр гаргасан байдаг. Хасах, гарах гэдэг бол хоёр өөр ойлголт. Би бол гараагүй. Намайг хассан учраас би аргагүйн эрхэнд бие дааж нэр дэвшсэн” хэмээн онцоллоо.