Улс төрийн задлан нэвтрүүлэг 10 дэх дугаараа ОЮУТОЛГОЙГООС МОНГОЛ ТОЛГОЙ ХОЖИХ УУ? Сэдвийн хүрээнд бэлтгэж, дөрвөн зочинтой ярилцсан. Нэвтрүүлгийн зочин математикч, эдийн засагч, Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн орон тооны бус зөвлөх Ч.Бат-Эрдэнийн ярилцлагаас онцлох эшлэл хүргэе. Тэрээр Рио Тинто компаниас Монгол улсын засгийн газарт өгсөн мэдээлэлд үндэслэн тооцоолол гаргажээ. Тооцооллоор Монгол улс хэзээ ч ногдол ашиг авахааргүй байгаа юм.
1. Манай улс мөнгөн байдлаар бол ямар ч ногдол ашиг авахгүй. Үүссэн өрөндөө тооцоод, тэрийгээ төлчхөөр яг бэлэн мөнгөөр ашиг авахгүй гарч байгаа.
2. Рио тинто компани хэдийд ч, жишээлбэл 2021 оны дунд гээд Монгол улсаас гарч явлаа гэхэд ч ашигтай байхаар бүхнээ хийсэн байгаа юм. Баталгаатай тоогоор тэд аль хэдийнээ 4 тэрбум долларын ашгаа авчихсан.
3. Рио тинто уул уурхайн компани юм уу, ББСБ юм уу гэж асуух хэмжээнд байна. Олон ч хүн ингэж хэлж байна. Учир нь энэ үзүүлээд байгаа график дахь тооцоогоор 17 тэрбум долларын зээл олгоно. Зээлээр далд уурхай, баяжуулах үйлдвэр, барилга зэргээ барина, харин хүү нь 18 тэрбум доллар болно. Зээл, зээлийн хүү нийлээд нийт 35 тэрбум, хүү нь 100% гаруй хувь байгаа биз. Тэгээд 2037 он хүртэл энэ зээлийг хүүтэй нь хамт төлнө гэхээр мэдээж манай баялгийн ихэнх нь зээл, зээлийн хүүгийн төлбөрт явахаар тооцсон байгаа. Яагаад зээл ийм өндөр байна гэхээр Рио Тинтод менежмент хийх эрхийг нь өгсөн болохоор тэнд аль болох их зардал гаргана, өөрийн хүмүүстээ асар өндөр цалин өгнө. Өөрсдийнх нь холбоо бүхий компаниуд нийлүүлэлт хийдэг гэх мэт ингэсээр зардал нь асар их болоод байгаа. Асар их зардлыг санхүүжүүлэхийн тулд төдий хэмжээний зээл авна, түүнд хүү төлнө.
4. Харин нөгөө манай эзэмшиж байгаа 34%-ийн зээл нь дээрх үндсэн үйл ажиллагааны зээлээс тусдаа бөгөөд 2.7 тэрбумын зээл авна. Уг нь манайх 80 орчим тэрбум долларын баялгаа гаргаад байгаа. 2.7 тэрбум доллар та нарт байхгүй, тийм учраас нөгөө тал зээлсэн гэж байгаа. Тэгээд хүүг нь нийлмэл хүүгээр бодохоор 23 тэрбум доллар болох юм. Мөн LIBOR-c хамаарна, LIBOR өндөр байвал дээшээ өснө. Гэтэл нийлмэл биш энгийн хүүгээр тооцвол хүү нь 4 тэрбум болно. Энэ мэтчилэн утгагүй юмнууд их бий.
5. Рио Тинтогийн зүгээс манай ашгийг тайлбарлахдаа татварууд авна, дээр нь хэдэн арван хүүхэд сураад гадаадын уурхайд ажиллах боломжтой болно гэсэн. Тэрийг л ашиг гэж хэлээд байгаа. Үнэндээ бид энэ их хэмжээний баялгаа маш багаар үнэлж байна.