Үнэмлэхүй олноороо буюу 76 суудлын 62-ыг авч, ард түмнээсээ итгэл хүлээсэн МАН, шинэхэн Засгийн газар, хэл амгүй болчихсон УИХ-ын гишүүдэд статистик үзүүлье. Гурван сая хүнтэй бидний дотроос сүүлийн сар гаруйхан хугацаанд коронавирусээр өвчилж амиа алдсан хүний тоо огцом өсөж, 102 хүн хорвоог орхичихлоо.
102 АМЬ, 102 АМЬДРАЛ, 102 МОНГОЛ ҮГҮЙ БОЛЛОО
Өнөөдрийн 11 цагийн ЭМЯ-ны мэдээлснээр сүүлийн 24 цагт
·55 настай эрэгтэй, энэ сарын 19-нд онош нь батлагдсан,
·37 настай эрэгтэй, энэ сарын 22-нд онош нь батлагдсан,
·89 настай эмэгтэй, энэ сарын 10-нд онош нь батлагдсан,
·78 настай эмэгтэй, энэ сарын 10-нд онош нь батлагдсан,
·89 настай эмэгтэй, энэ сарын 11-нд онош нь батлагдсан таван хүн нас баржээ.
Хүмүүнлэг нийгэмд бол хүн бүрийн амь үнэтэй. Нас нь хөгшин байна уу? Хөдөлмөр эрхлэх насных байна уу? Ийм мэт хэмжүүрээр хүний амийг дүгнэх нь дэндүү хүнлэг бус ба талийгч араас нь уйлах хүнгүй байлаа ч өөрөө өөртөө ч үнэ цэнтэй.
ЯГ КОРОНАВИРУСЭЭС ҮҮДЭЖ НАС БАРСАН ЮМ УУ? ӨӨР ШАЛТГААН БИЙ ЮУ?
Нас барагсдын тоо 100 давчхаад байхад Монголын төр нас барсан хүмүүсийн үхлийн шалтгааныг ковид гэж хэлснээс өөр дэлгэрэнгүй юу ч ярихгүй өдий хүрлээ. Яг үнэндээ өөр хэд хэдэн шалтгаан нөхцөл хүний амь эрстэхэд хүрсэн байж болзошгүй байна.
1. Ковидоор хүндэрсэн өвчтөнд хэрэглэдэг амьсгалын аппарат хангалттай байгаа юу? 13 өдрийн өмнө ЭМЯ-ны эмнэлгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох амьсгалын аппарат хангалттай гэж хэлж байсан ч түүнээс хойш халдварын тоо өдөрт дунджаар 1000-аар нэмэгдэж, энэ хэрээрээ хүндэвтэр, маш хүнд өвчтөний тоо ч нэмэгдээд байна.
2. Амьсгалын аппартыг ажиллуулж чадах хүн яг хэд байгаа юм бэ? Мөн л 13 өдрийн өмнө ЭМЯ-ны эмнэлгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох амьсгалын аппарат хангалттай ч ажиллуулж чаддаг хүний нөөц хомс байна, халдвар авсан хүмүүсийн тоо өсвөл хүний нөөцийн хомстолд орно гэж мэдээлж байв. Энэ асуудлаа яг яаж шийдсэн юм бэ? Амьсгалын аппаратаа ч ажиллуулах хүнгүйгээс болж хүний амь эрстэх хэмжээнд тулаагүй биз?
3. Ямар ч ажилдаа сайн хүн байсан олон цаг ажиллавал алдаа гаргах магадлал өснө. Эмч эмнэлгийн ажилтнуудын ачаалал их байгаагаас үүдэж дамаа өвчтөнд хүндрэл үүсэж байгаа юм биш биз? Өдгөө дэлхий дахинаа 2.9 сая гаруй хүний амь насыг авч одсон ковид-19 вирусийг хохирол багатай туулж, эдийн засгийн өсөлт үзүүлж яваа хэдхэн улс дэлхийд байгаагийн нэг нь Тайвань. Тэд эмч ажилтнуудынхаа ажлын цагийг 8 цагаар тогтоон, 1 хоногт 3 ээлжээр өвчтөнүүдийг эмчилж байсан нь эмч, ажилтнуудыг халдвараас сэргийлэх, мөн эмч нарт зориулан сэтгэл зүйчдийг ажиллуулсан нь халдварыг амжилттай давах хөшүүрэг болгосон. Тайванийн Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн холбоо эмч, эмнэлгийн ажилчид долоогоос бага цагийн нойр авсан тохиолдолд алдаа гаргах магадлал 6-11% нэмэгддэг болохыг Халдварын сэргийлэлтийн төвдөө танилцуулж, үйлдвэрчний эвлэлийн холбоо илүү цагаар ажиллуулалгүй ухаалаг ээлжийн тогтолцоо нэвтрүүлэхийг санал болгосноор халдвараар нэг ч эмч, эмнэлгийн ажилтан өвдөөгүй байдаг. Гэтэл манай улсад эмч эмнэлгийн ажилтнууд өөрсдөө халдвар авахаас гадна хэт их ачаалал өвчтөнд ч хүндрэл үүсгэж байж болзошгүй байна.
Цаашдаа ч коронавирусээср өвчилж, нас барах хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Гэхдээ нас барж буй хүмүүсийн шалтгаан нь зөвхөн ковид гэж тоохгүй өнгөрөлгүй өөр шалтгаан нөхцөл нас баралтад нөлөөлж байгаа эсэхийг судлах шаардлага байна. Мөн хүн бол ядаж 102 хүнийхээ ар гэрт эмгэнэл илэрхийлээч.