Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр дархлаажуулалтын үйл явцтай танилцлаа.
Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтыг нийслэлийн хэмжээнд 120 байнгын цэг болон, явуулын 40 цэгээр дамжуулан явуулж байгаа юм.
Энэ үеэр Ерөнхий сайд "Засгийн газар байгуулагдаад 90 орчим хонож байна. Бид эхний 100 хоногт багтаан иргэдийг дархлаажуулалтад бүрэн хамруулах зорилт тавьсан. Энэ амлалтдаа хүрэхийн тулд хичээж ажиллаж байна. Зорилтоо биелүүлэхэд олон зүйл нөлөөлж, төлөвлөснөөр болохгүй байна. Азийг дөрөв дэх давлагаа дайрлаа. Бидний оюун санааны хөрш болсон Энэтхэг, болон цаг агаар дулаан орнуудад амаргүй нөхцөл байдал үүсч есдүгээр сарыг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Бид үүнээс гарах ганц арга бий. Энэ нь дархлаажуулалт. Өнөөдөр 15.00 цагийн байдлаар төлөвлөсөн нийт иргэдийн 37 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Бид тавдугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотын иргэдийг нэгдүгээр тунд, зургадугаар сарын 1-н гэхэд хоёр дахь тунд хамруулах зорилго тавьсан. Халдварын тархалт өндөр байгаа тул хатуу хөл хориотой байх үед нь түрүүлж вакцинд хамруулж байгаа юм.
Одоо нийт 4.2 сая тун вакцин хэрэг болж байгаа. Нэг онгоц 250-300 мянган тун вакцин авчирна гэж тооцохоор нэлээд олон нислэг хийх шаардлагатай байгаа. Мөн вакцины нийлүүлэлт, төлөвлөснөөр болохгүй нэлээд амаргүй нөхцөл байдал үүсч байна. Тухайлбал, Энэтхэгээс 150 мянган тунг аваад дараагийн 300 мянган тунг авах гэтэл Энэтхэгт нөхцөл байдал хүндэрч экспортыг зогсоосон. Мөн Засгийн газрын шугамаар явж буй хэлэлцээрүүдэд амаргүй асуудлууд үүсч байна.
Гэхдээ энэ бүхний ард монголчууд бид гарч чадна. Улаанбаатар хотын иргэдийг дархлаажуулсны дараа орон нутгийн иргэдийг дархлаажуулна. Нийслэлд байгаа 18-аас дээш насны бүх иргэд, гадаадын иргэн байсан ч вакцинд хамрагдаж болно. Бид Covid-19-гүй зун гээд маш том зорилт дэвшүүлсэн байгаа. Хоёр тунг хийсэн байхад цат тахлыг дийлдэг нь үнэн бол долдугаар сарын 1-нд зорилтдоо хүрэхийн тулд шаардлагатай бүх боломжоо дайчилна. Уртасгасан цагаар ажиллаж байгаа цагаан нөмрөгтөн, өдөржин шөнөжин ажиллаж байгаа онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтынхан, төрийн албан хаагчид, нийт иргэддээ баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ үед Засгийн газар хүн бүрийн хүсэл сонирхолд нийцүүлэн ажиллах боломж алга. Халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрээс уучлал хүсье. Тавдугаар сарын 10-наас дархлаажуулалтын цэгийн тоо багасна. Тиймээс энэ хугацаанд вакцинаа идэвхтэй хийлгэхийг уриалъя" гэлээ.