ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусийн эсрэг вакцин тариулсан 60-аас дээш насны оршин суугчдыг урамшуулах хөтөлбөр өнөөдрөөс эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд ахмадууд бэлгийн карт эсвэл урамшууллын код авах юм байна. Москва хотын дарга Сергей Собянины мэдэгдсэнээр, өнөөдрийн байдлаар 400 мянга орчим ахмад настан вакцинд хамрагджээ.
"Дөрөвдүгээр сарын 27-ны мягмар гарагаас эхлэн Москвагийн эрүүл мэндийн даатгалтай, коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн 60-аас дээш насныхан 1000 рублийн үнийн дүнтэй бэлгийн карт эсвэл мөн ижил дүнтэй урамшууллын код авах эрхтэй" хэмээн Собянин мэдээлжээ.
Урамшууллын картуудыг хотын эмнэлгүүд болон вакцинжуулалтын цэгүүд дээр олгох бөгөөд урамшууллын код авахын тулд тусгай сайтад бүртгүүлэх ёстой гэнэ. Энэ урамшууллыг дэлгүүр, эмийн сан, кафегаас бараа үйлчилгээ авахад ашиглах боломжтой юм байна.