Монгол Улсад коронавирусийн халдварын шинэ төрөл буюу мутацид орсон хувилбар урьдчилсан байдлаар бүртгэгдсэн. Энэ нь Турк улсаас зөөвөрлөгдсөн ирсэн Их Британи мутаци гэж үзэж байгаа гэсэн мэдээллийг УОК-ийн дарга С.Амарсайхан өгсөн.
Тэгвэл ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр уг мэдээллийг тодруулан өглөө. Тэрээр "Вирусийн мутацид орсон хэлбэрийг албан ёсоор тодорхойлж, зарлах ёстой байдаг. Манай гурван вирус судлаач эмч нар Япон улсад 20 орчим сорьц дээр энэ судалгааг хийж байгаа. Тэнд хийгдэж буй судалгаагаар бол мутаци хэлбэр илрээгүй. Бид цаг хугацааг хэмнэх үүднээс зарим газрын санал болгосон PCR-д суурилсан мутацилагдсан хувилбарыг илрүүлэх шинжилгээг хийж үзсэн. Мэдээж энэ нь нарийн шинжилгээний аргачлалаас сайн байж чадахгүй ч бид урьдчилсан байдлаар тохиолдлын тоо яагаад буурахгүй байна, нас баралт яагаад ихсэв гэдэг дээр анализ хийж үзсэн. Энэ шинжилгээнд нийт 33 сорьцыг хамруулахад Туркээс ирсэн гурван иргэнд коронавирусийн Их Британийн хувилбар байна гэдэг урьдчилсан судалгааны үр дүн гарсан. Эдгээр иргэд Туркээс ирээд 10 орчим хоног ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа. Мөн хүн амын дунд хийсэн судалгаанаас 2 хүнээс мутацилагдсан хэлбэр илэрсэн. Уг хоёр хүн нь нэг гэр бүлийн хүмүүс. Гэхдээ эндээс харахад өнөөдөр хүн амын дунд мутацилагдсан хувилбар тархсан гэж хэлэх үндэслэлгүй. Манай мэргэжилтнүүд ирээд нарийн судалгааг хийнэ.
Гэхдээ баримтлах эмчилгээ, халдвар хамгааллын дэглэм нь ижил юм. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримталж чадвал ямар ч хувилабараас бид урьдчилан сэргийлж чадна гэдгийг хэлье. Мутацид орсон хэлбэрт вакцин үр дүнгүй гэсэн дүгнэлт одоогоор гараагүй" гэсэн мэдээллийг өглөө.
Япон БНСУ руу манайхаас сорьц илгээсэн ч одоогоор хариу ирээгүй байгаа талаар ЭМ-ийн сайд мэдээлэл өглөө.