Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оноос эхлэн “Монполимет” компаний үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав Монголбанканд төлөх ёстой байсан 10 тэрбум төгрөгөө эрсдэлийн сангаас төлүүлж, хүчингүй болгуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Өөрөөр хэлбэл, өөрийн төлөх ёстой 10,6 тэрбум төгрөгийг нас барсан иргэдийн зээлийг хаадаг Эрсдэлийн сангаас гаргасан мөн Гаалийн ерөнхий газар ГЕГ-т төлөх ёстой 33 тэрбумаа төлөлгүй өдийг хүргэсэн гэсэн мэдээлэл ч цацагдсан байдаг.
Энэ талаарх баримтыг анх сэтгүүлч Н.Өнөрцэцэг олон нийтэд мэдээлж байсан бөгөөд “Монполимет” компаний үүсгэн байгуулагч Ц.Гарамжав “тус сэтгүүлч баримтаа сайн нягтлалгүйгээр хүний нэр хүндэд халдсан” хэмээн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхэд өгсөн юм. Одоо ч тус гомдол шүүхээр шийдэгдээгүй байгаа бөгөөд шүүх хурал нь 10 гаруй удаа хойшлогдоод буй.
Харин энэ сарын 19-нд “Улаан бал” нэвтрүүлэгт “Монполимет” компаний үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав орсон дугаар цацагдсаны дараа олон нийтийн дунд багагүй талцал, хэлэлцээн үүсээд байгаа юм. Учир нь тэрээр тус нэвтрүүлэгт оролцох үеэрээ дээрх асуудлыг анх олон нийтэд мэдээлсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэд хэдэн баримтаар няцаасан бөгөөд Монголбанкнаас 10 тэрбум төгрөг зээлж авч байгаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Харин үүний дараа сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэд хэдэн баримт гаргажээ.
Тодруулбал, 2008 онд “Монполимет” компани Монголбанкинд арилжаанаас үүссэн 10 гаруй тэрбумын авлагатай байгааг хүлээн зөвшөөрсөн баримт болон, Монголбанканд Ц.Гарамжавын компаниас 10 тэрбум төгрөгний төлбөрийг барагдуулах үүрэгтэй байгаа гэсэн цагдаагийн мэдүүлгийг тус тус гарган тавьжээ.