Хууль зүйн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бичлэг олон нийтийн сүлжээнд ил боллоо. Тэрбээр "УБҮ 0052" дугаарын Lexus маркийн машинтай Хан-Уул дүүрэгт явж байхдаа явган зорчигч руу шавхай цацсаныг иргэн Бат-Эрдэнэ баримтжуулж цахим сүлжээнд тавьжээ.
Бичлэгт харагдаж байгаагаар Ц.Нямдорж машин барихдаа бүсээ зүүгээгүй, амны хаалтаа зөв зүүгээгүй байна.
Иргэдээс гаргасан мэдээллийн дагуу Ц.Нямдоржийн унаж яваа "УБҮ 0052" улсын дугаараар Smartcar.mn сайтаар орж шалгавал дараах илэрц гарч байна.
1. Автомашины улсын дугаарыг сольсон уу?
"УБҮ 0052" улсын дугаараар Lexus биш Land Cruiser 200 маркийн машины мэдээлэл гарч ирж байна.
2. Оношилгоонд тэнцээгүй
Түүнээс гадна "УБҮ 0052" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь оношилгоондоо тэнцээгүйг харуулав.
3. Торгуулиа огт төлж байгаагүй
Тухайн улсын дугаар дээр үүссэн торгуулийн хэмжээг тооцож үзвэл 732,800 төгрөг болж байна.
Өөрөөр хэлбэл, 2016 оны аравдугаар сарын 21-нээс хойших торгууль төлөгдөлгүй явсаар ийнхүү хуримтлагджээ. Тухайн үед Ц.Нямдорж нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаал хашиж байсан байна.
4. Татвар, хураамжаа төлөөгүй
Уг албан тушаалд томилогдсоныхоо дараа "УБҮ 0101" гэх улсын дугаартай Lexus маркийн автомашин унах болсон нь олон нийтийн дунд шуугиан тарьж байсан юм. Тэгвэл сайд асан Ц.Нямдорж Lexus маркийн автомашинд Land Cruiser 200-ийн дугаар зүүж явахдаа дээр дурдсан олон зөрчил гаргасан нь ил боллоо.