Холимог тулааны ONE холбооноос зохион байгуулж буй "ONE on TNT II" тулааны шоу Сингапурт амжилттай үргэлжилж байна. Манай тамирчин Золцэцэгийн Шинэчагтга сая Японы жиү жицүгийн хар бүстэй тамирчин Ёшики Накахаратай тулалдаж хоёрдугаар үед хориотой мэх хийсэн үндэслэлээр буюу хэвтээ байрлалаас өрсөлдөгчийнхөө толгойг өшиглөсөн хэмээн улаан хуудас авч, ялагдал хүлээлээ.
Тэрээр хориглосон цохилт хийснээ "Хүчтэй эргэхгүй бол нөгөө тийшээгээ эргэж чадахгүй байлаа. Хүчтэй эргэхэд хөл нүүрэнд таарсан бол санаандгүй байлаа. Ямар ч байсан өрсөлдөгчөөсөө уучлалт гуйж байна" хэмээн тайлбарласан юм.
Манай тамирчин хэвтээ байдалд хөлийн өчгөөс гарах гэж оролдож байх үедээ хэвтээ өрсөлдөгчөө өшиглөсөн юм.
Өдгөө 24 настай З.Шинэчагтгын хувьд хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Хятадын Жиа Вэн Матай тулалдаж, ялсан юм. Ийнхүү тэрбээр нэг жил гурван сарын дараа дахин октагонаа гарч, албан ёсны тулаанаа хийлээ. Тэрбээр холимог тулааны замналдаа есөн тулаан хийж, зургаа ялж, гурав ялагдсан үзүүлэлттэй болов.