Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хоёр цэрэг алба хаагч галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг энэ сарын 8-нд гарсан.
Тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаа, хилийн цэргийн байгууллага, тагнуулын байгууллага хамтран зохион байгуулж буй бөгөөд өчигдөр 23:00 цагийн байдлаар олоогүй тул эрлийн ажиллагааг зогсоож, өглөө дахин эхлүүлсэн байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Одоогийн байдлаар олоогүй байгаа" гэлээ.
Гэхдээ тухайн цэргүүдийн байршлыг тогтоогоод байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Хоёр цэрэг хилээс 15 орчим километр газарт байдаг Алтай сумын нэг иргэний гэрт очоод, боорцог, гамбир болон мотоциклыг нь гуйж аваад явсан байна. Цэргийн ангиас цааш 50 орчим километрийн зайд тухайн мотоциклоо орхиод, цааш уулаар орж явсан. Мөрийг нь дэлгэрүүлэн ажиллаж буй тухай ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Ш.Лхачинжав өчигдөр мэдээлсэн юм.