КОВИД-19-ийн мутацид орсон хувилбар эрчимтэй тархаж байгаа Бразил улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 4195 хүн нас барсан талаар ВВС мэдээллээ.
Тус улсын эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрсэн бөгөөд зарим хотод халдартай өвчтөнүүд эмчилгээ хийлгэхээ хүлээж байгаад нас баржээ.
Одоогоор нийт 13.1 сая хүн халдвар авснаас 337 мянга нь нас барсан бол 1.2 сая нь эмчлүүлж байна. Халдвар тархалт нэмэгдэж, өдөр бүр хэдэн мянган хүн нас барсаар байгаа ч Ерөнхийлөгч Жайр Болсонаро хөл хорио тогтоохыг эсэргүүцсээр байгаа юм.
Тэрээр хөл хорио тогтоосноор эдийн засагт учрах хохирол халдварын нөхцөл байдлаас ч хүнд байх болно хэмээсэн бөгөөд зарим орон нутгийн хязгаарлалтыг ч сулруулжээ.
Ерөнхийлөгч Жайр Болсонаро "Хөл хорио бол таргалалт, сэтгэл гутрал, ажилгүйдэл" гэсэн ба нас баралт нэмэгдэж байгаад тайлбар өгөхөөс татгалзсан байна.