УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ ашиглан ЖДҮДС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ олгуулж, албан тушаалаа урвуулсан хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн долоо хоногт дахин хэлэлцсэн байна.
Мөн хоёрдугаар сарын 5-нд УИХ гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэж, Дээд шүүхээр хэлэлцсэн. Харин түүний 40 сая төгрөгөөр торгох Давж заалдах шатны магадлалын хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Давж заалдах шатны шүүхэд буцаасан юм.
Давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцээд 40 саяар торгох шийтгэл оноосон шийдвэрээ хэвээр үлдээжээ.
Нийслэлийн прокурорын газраас түүний нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэхээр яллах дүгнэлт үйлдээд байсан юм.