АНУ-ын Балтимор хот дахь вакцины үйлдвэрт гарсан алдааны улмаас “Johnson & Johnson” 15 сая орчим тун вакциныг устгасан талаар өнгөрсөн бямба гаригт мэдээлсэн. Тодруулбал, тус үйлдвэрийн ажилчид орц, найрлага дээр алдаа гаргасны улмаас “Johnson & Johnson” вакциныг устгахаар болжээ. “Emergent Biosolutions” компанийн энэхүү үйлдвэр “Johnson & Johnson” болон “AstraZeneca” компаниудын вакциныг үйлдвэрлэж байгаа аж.
Дахин ийм алдаа гарахаас сэргийлж тус үйлдвэрийн зүгээс “AstraZeneca”-ийн вакцины үйлдвэрлэлийг зогсоохоор болсон. Учир нь үйлдвэрийн ажилчид хоёр вакцины орц найрлагыг хольсноос болж нийт 15 сая орчим тун вакцин хаягдал болжээ.
АНУ-ын хувьд “AstraZeneca”-ийн вакцинд одоогоор зөвшөөрөл олгоогүй, туршилтын мэдээлэл нь хэтэрхий хуучирсан гэсэн шалтгаанаар вакциныг нь бүртгэн авахаас татгалзсан юм. Иймд тус компани вакциныхаа туршилтын мэдээллийг шинэчлэн дахин хүсэлтээ өгчээ.
Үйлдвэрлэлийг зогсоохоор болсон тул “AstraZeneca” компани өөр үйлдвэртэй хамтран ажиллахаар АНУ-ын эрх баригчидтай хэлэлцэж буй. Дээрх шийдвэр гарахаас өмнө үйлдвэрлэгдсэн 4 сая орчим “AstraZeneca” вакциныг АНУ хөрш орнууддаа зээлээр өгөх гэрээг байгуулсан байна.