Австралийн Брисбэн хотод коронавирусийн мутацид орсон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдсэн тул өнөөдөр оройноос эхлээд гурав хоногийн хөл хорионы дэглэм тогтоохоор болжээ.
Хоёр сая орчим оршин суугчтай Брисбэн нь Австралийн гурав дахь том хот бөгөөд Күинслэнд мужийн төв юм. Өнөөдөр оройны 5:00 цагаас эхлэн тус хотын иргэд ажил, эмнэлэг, хүнсний дэлгүүрт очих, дасгал хийхээс бусад зорилгоор гэрээс гарахгүй болж байна.
Брисбэн хотод өнгөрсөн Баасан гарагт Их Британид тархсан вирусийн хувилбарын анхны тохиолдол илэрсэн бол өнөөдөр уг голомтоос гаралтай тохиолдол дөрөв болж нэмэгджээ.
Нэгдүгээр сард тус хотод мөн ижил хувилбарын нэг тохиолдол илрэхэд гурван өдрийн хөл хорио тогтоосноор тархалтыг амжилттай зогсоож чадсан.
Тиймээс маргааш буюу Мягмар гарагаас эхлэн сургуулиудыг хааж, оршуулгын үйл ажиллагаанд оролцох хүний тоог 20, хуримын ёслолд оролцох хүний тоог 10-аар хязгаарлажээ.
Сүүлийн саруудад Австрали улсын эрх баригчид богино хугацаатай хөл хорионы дэглэм, хавьтлын хүрээг хурдтай тогтоох аргуудыг чадварлаг ашигласнаар цар тахлын шинэ голомтуудыг илэрмэгц нь дарж чадаж байгаа.
Цар тахал эхэлсэн цагаас хойш тус улсад коронавирусийн халдварын 29.200 гаруй тохиолдол бүртгэгдэж, 909 хүн нас баржээ.