Одоогоос хоёр жилийн өмнө Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс маш нууцын зэрэглэлтэйгээр гүнзгийрүүлэн шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Сүүлийн өдрүүдэд Г.Батхүү амиа алдсан хэргийг хаах саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан.
Эх сурвалжийн мэдээлснээр, мөрдөх байгууллагаас Г.Батхүүгийн амиа алдсан хэргийг хаах саналаа прокурорт ирүүлсэн байна. Прокурорын байгууллага хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа тэргүүтэй хүмүүс өнгөрсөн Даваа гарагт, Г.Батхүү амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр С.Одонтуяа “Г.Батхүү агсныг амиа алдахад нөлөөлсөн, амиа алдахад хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй” гэх шалтгаанаар хэргийг хаах саналаа НПГ-т гаргасан гэх мэдээ гарах боллоо. Энэ хэргийг ингэж учир битүүлгээр хаахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэдхэн хоногийн өмнө Г.Батхүү агсны гэр бүлийнхэнд хэрэгтэй холбоотой 13 секундын бичлэг өгсөн залуу нас барсан тухай мэдээлэл гарсан. Үүнийг үгүйсгэсэн, эсхүл нотолсон мэдээлэл одоогоор алга. Өнөөдөр Монгол Улсад хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийж чадаж байгаа эсэх нь эргэлзээ төрүүлж байна” хэмээн мэдээлсэн юм.