УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, “худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйл нэмсэн. Ингэснээр Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн “гүтгэх” гэх зөрчлийг хүчингүй болгож, хүний нэр төр, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр төрд халдаж, үндэслэл нотолгоогүйгээр илт худал мэдээлэл олон нийтэд тараасан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хүний нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалахаар болсон.
Засгийн газраас тухайн үед УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний нэр төрөө хамгаалуулах эрхийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, аль нэг эрх нөгөөгөөсөө болж зөрчигдөхөөс хамгаалсан тайлбар байсныг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн саналаар хассан юм.
Уг хасагдсан тайлбарт гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллагыг тооцохгүй байх, үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийн хувь хүнийх нь нэр төрд халдсан бус, зөвхөн эрхэлж буй албан тушаалынхаа хүрээнд олж авсан эрх мэдэлтэй нь холбогдуулж хардаж сэрдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар заасан байсан аж.
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах, хүний эрхийн зөрчлийг илрүүлж олон нийтэд мэдээлэхэд хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийн үүрэг оролцоо асар их юм. Иргэдийн мэдэх, мэдээлэлтэй байх эрхийг хэрэгжүүлж, тухайн нийгмийн харилцаан дахь зөрчил, доголдолтой асуудлыг илчлэн нээлттэй болгож, асуудал дэвшүүлэн, олон түмэнд мэдээлдгээрээ сэтгүүлчид хүний эрхийн хамгаалагчид болдог.
Улс төрд нөлөө бүхий этгээд нь иргэд, олон түмний сонголтын үндсэн дээр төрийн өндөр албан тушаал хашиж байгаагийнхаа хувьд ард иргэддээ нээлттэй, ойлгомжтой, элдэв хууль бус хардалт сэрдэлтэд өртөхгүйгээр албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй.
Иймд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан байна.
Хуулийн төсөл нь нийт 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд хоёр хэсэг тайлбар нэмэхээр тусгажээ.
Нэгдүгээрт, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй байхаар зохицуулсан байна.
Хуулийн заалтыг өөрт ашигтайгаар хэрэглэж, төрийн албаны үйл ажиллагаатай нь холбогдуулан шүүмжилсэн, авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон талаар хардаж мэдээлэл түгээсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд эрүүгийн хэрэг үүсгүүлж, улмаар мэдээллийн эх сурвалжаа хэлэхийг шахах, дарамтлах, улмаар иргэдийн мэдэх эрхийг хаах боломж олгосон эрх зүйн үндэс арилна гэж хууль санаачлагчид үзэж байна.
Хоёрдугаарт, үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж хардсан сэрдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгажээ.
Энэ зохицуулалт орсноор хүний үг хэлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөндөхгүйгээр, улс төрд нөлөө бүхий этгээдийн нэр төр, эрхэмсэг оршихуйг хамгаалж, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх боогдохгүй байх эрх зүйн үндэс бий болно. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон нэр төрөө хамгаалуулах эрхийг зохистой түвшинд тэнцвэртэй хамгаалах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Хуулийн төслийн 2 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн гарчгийн “худал мэдээлэл тараах” гэснийг “гүтгэх” болгон өөрчилж, илт худал мэдээлэл олон нийтэд тараасан үйлдлийг бус, илт худал гүжирдсэн үйлдлийг энэ гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна. Учир нь хүний нэр төр, алдар хүндэд санаатай халдаагүй ч гэсэн тухайн иргэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдохоор байгаа юм.
Иймд уг гэмт хэргийн объектив шинжийг тодорхой болгож, санаатайгаар гүжирдлэг хийж, хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан этгээдэд л хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзсэн байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй зохицуулалтаар бол шүүгч эрүүгийн хэргийг шийдэхээс өмнө худал мэдээлэл түгээгч нь аль хэдийнэ хэрэгтний ширээнд сууж, хэвлэлийн эрх чөлөө нь хязгаарлагддаг байдал өөрчлөгдөнө гэж хууль санаачлагчид үзжээ.