УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл, мэдэгдэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Өнөөдөр УИХ-ын дарга хүний эрхийн талаар маш их ярилаа. Монгол Улсад хүний эрх яагаад зөрчигдөж байна гэхээр дарга нар, улстөрчид маш том том хулгай хийж байна. Үүнээс болж Монгол хүн ажилгүй, орлогогүй байгаа болохоор хүний эрх маш их зөрчигдөж байна. Хамгийн их хүний эрхийг зөрчиж байгаа хүмүүс бол УИХ-д байгаа шүү. Нэгдүгээрт, Англи улсын Дээд шүүхийн шүүгч шүүхийн шийдвэр баримт бичиг гаргажээ. Энэ дээр 227 хэрэг байна. Хүн төрөлхтний соёлт түүхийн шалгуур болсон Англи зэрэг дөрвөн улсын шүүх дээр гарсан баримт, бичиг шийдвэрийг УИХ-ын даргад өгнө. Энэ шийдвэр дээр Монголын өөрийнх нь баялгийг өөрийнх нь Ерөнхий сайд бусад орны дээрэмчидтэй нийлж хулгайлсан талаар дүгнэлт гарсан байна. Энэ мэдээлэл дэлхий даяар гарчихаад байна, УИХ хараагүй юм шиг царайлж байгаа гэмт хэрэгтнүүд. Хоёрдугаарт, Сү.Батболд гол хулгайч. Энэ хүн өөрт давуу байдалтай тайлбар бичиг гаргасан байна. Дээр нь прокурор, шүүгч нарыг дарамталж байна.
УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Сү.Батболдыг бүрэн эрхээс нь татгалзуулах шаардлагыг хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад хүргүүлсэн, би. УИХ-аар гаднын шүүх дээр ярилцаж байгаа гэмт хэргийн асуудлыг ярилцаасай гэж хүсэж байна. Дээр нь, энэ удаад бид Оюутолгойн 400 тэрбум ам.долларын баялаг, Тавантолгойн 320 тэрбум ам.долларын баялаг, "Эрдэнэт" үйлдвэрийн 100 гаруй тэрбум ам.долларын баялгаа буцааж авах тэмцэлд орно. УИХ-д хэлэлцүүлэхээр өгсөн Сү.Батболдын дархлагдсан хулгайчийн эрхийг авч хаях хурлыг хийх хэрэгтэй байна" хэмээн мэдэгдэл хийлээ.