Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах ажил 19 дахь хоногтоо үргэлжилж байна. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж буй. Өчигдөр буюу гуравдугаар сарын 13-ны байдлаар Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр 90 гаруй мянган хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа аж. Тэрээр "Өдөрт 15-20 мянган иргэнийг вакцинд хамруулж байгаа. Ирэх долоо хоногоос 50-64 насны 185,000 гаруй иргэнээ вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн.
50-64 насны иргэдийг вакцинжуулахтай зэрэгцээд хөгжлийн бэрхшээлтэй 35 мянга орчим иргэнээ ч вакцинд хамруулна. Дээрх иргэдийг нийтдээ хоёр долоо хоногийн хугацаанд вакцинжуулна" хэмээн өчигдөр УОК-ын мэдээлэл дээр тодотгосон.
Тэгвэл коронавирусийн халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Гуравдугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байгаа болон үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах шаардлагатай, стратегийн ач холбогдол бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулна. Үүнээс хойш зорилтот насны иргэдийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн юм.