Хугацаат цэргийн алба хаагчид бие биенийгээ шийтгэн, дээрэлхэж, доромжилж буй бичлэг цахим орчинд цацагдан олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна.
Ийнхүү үүргээ биелүүлэхээр цэрэгт очсон аавын хүү бусад цэргийнхээ “дэглэлт”-д өртөн доог тохуу болж байгаа нь харамсалтай.
Эрийн цээнд хүрсэн хүүгээ эцэг эх нь эх орноо сахин хамгаалах үйлсэд суралцуулахаар хугацаат цэргийн албанд мордуулж байгаа. Гэтэл цэргийн албанд энэ мэт үзэгдэл тасрахгүй байвал дараа дараагийн цэргийн албанд үр хүүхдээ даатган явуулах иргэдийн итгэл алдрахгүй гэж үү.
18 хүрсэн эрчүүд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргийнхээ дагуу цэргийн албаа хааж байгаа. Харин тэдний цэргийн эрдэмд суралцахаар зорин очиж байгаа анги застав нь энэ мэт дэглэлт, шоглолт байсаар байвал хэн тийшээ зорих билээ. Хэрвээ энэхүү бичлэг цахим орчинд тараагүй бол Батлан хамгаалахынхан болон Зэвсэгт хүчний Жанжин штабынхан мэдэхгүй өнгөрөх байлаа. Учир нь өчигдөр мэдээлэл цацагдсаны дараа ЗХЖШ-аас ажлын хэсэг байгуулан энэхүү асуудлыг тодруулахаар ажиллаж байгаа юм. Ингэхэд, уг үйл явдал 2020 оны есдүгээр сарын сүүлчээр Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр болсныг тогтоожээ. Тодруулбал, бичлэг дээр дэглэж байгаа цэргүүд хэдийнээ албаа хааж дуусан халагджээ. Харин дэглүүлсэн цэргүүд албаа хааж байгаа тухай ЗХЖШ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Хэрвээ энэ бичлэг байгаагүй бол ийм зүйл одоог хүртэл байдаг гэдэгт итгэх хүн цөөн байсан биз.
Цэрэгт алба хаах хугацаандаа учир шалтгаангүйгээр зодуулж, сэтгэл санаа, бие махбодь болон амь насаараа хохирч, хүний ёсноос гажууд үйлдлийн золиос болж буй тохиолдол манай улсад гарсаар. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэрэг нас барсан хэрэг гарсан. Шалтгаан нь тухайн цэрэгт ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид нь гар хүрч, жагсаалд гүйгээд бахардаад унахад нь дэвсэлж зодсон байдаг. “Цэргийн албанд дэгдэлт гэж байхгүй” хэмээн салбарынхан нь мэдээлж байсан цаг саяхан.
Цэргийн албанд амиа алдсан хамгийн ойрын жишээ дурдъя. 2021 оны хоёрдугаар сарын 7-нд Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэрэг нас барсан хэрэг гарсан. Уг цэрэг хашааны шургаа модноос мяндсан уяагаар боомилж нас барсан бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр “Ээж, аав аа уучлаарай би түрүүлээд явлаа” гэх утга бүхий гэрээслэл үлдээсэн тухай мэдээлж байсан. Талийгаачийн нас барахаасаа өмнө гэрийнхэн рүүгээ залган "Намайг эндээс аваач ээ" хэмээн ярьсан талаар хэвлэлээр мэдээлж байлаа. Уг хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа.
Цэргийн ангид гарсан эхний хэрэг нь бүрэн шийдэгдээгүй шахуу байхад дараагийн дуулиан нь ийнхүү дэгдлээ. Цэргийн алба яргалалын үүр, уурхай болсон юм уу, Энэ тухай олон эцэг эх асууж хариултаа нэхсээр сууна.
2019 оны хоёрдугаар сар Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан цэрэг харуулын байраа орхин зэвсэгтэй оргосон ч нас барсан байдалтай олдсон…
2019 оны тавдугаар сар Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А адуунд яваад сураггүй болсон ч моринд чирэгдэн амиа алдсан…
2019 оны зургаадугаар сар Тэмээ хайхаар явсан цэрэг бутнаас өөрийгөө боомолсон…
2020 оны гуравдугаар сар Дорнод аймгийн Халх гол суман дахь Хилийн 0198 дугаар ангийн алба хаагч Г амиа хорлосон байдалтай олдсон…
Энэ жагсаалт бүү үргэлжлээсэй. Миний хүү цэргийн албаа хаагаад эр хүн болоод ирлээ гэж баярлаж, омогшдог байсан ээж аав нар хүүгээ цэрэгт явуулахаас айж байна. Цэргийн алба хаах сонирхолтой залуусын зүрх үхэж байна.
Энэ удаад ч иргэд эргэлзэж байна. Сайд аа, цэргийн албанд эх орноо хамгаалах гэж очдог болохоос элдвээр доромжлуулж, эрэмдэг болох гэж очдоггүй баймаар байна.