Мьянмарт төрийн эргэлт хийсэн цэргийн эрх мэдэлтнүүд өчигдрөөс нийслэл Янгон болон бусад томоохон хотуудын гудамжинд хуягт машинтай эргүүлүүдийг байрлуулжээ. Энэ нь төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсагчдыг айлгах зорилготой бөгөөд үл тоон эсэргүүцлээ илэрхийлсэн тохиолдолд халуун зэвсэг хэрэглэх ч магадлал өндөр болсны шинж гэж барууны хэвлэлүүдэд бичиж байна. Өчигдөр орон нутгийн цагаар шөнийн 01.00 цагаас хойш интернэтийг бүрэн хаасан нь энэ таамгийг улам бодитой болгож байгаа аж. Үүнээс харахад цэргүүд иргэдийн жагсаалыг хүчээр дарах гэж байж болзошгүй юм.
Мьянмарт иргэд энэ сарын 1-нээс эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн бөгөөд эсэргүүцлийн ес дэх хоног дээр Качин мужид цагдаа нар жагсагчдын эсрэг зэвсэг хэрэглэж байсан юм.
Нөхцөл байдал ийнхүү хүнд болсон ч НҮБ уриалгаас өөрийг хийж чадахгүй байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр шийдвэр гаргахыг оролдсон ч БНХАУ хориг тавих магадлал өндөр байгаа юм.
Мьянмар дахь барууны орнуудын ЭСЯ, тухайлбал АНУ, Их Британийн Элчин сайдууд өчигдөр хамтарсан мэдэгдэл гаргаж, иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхгүй байхыг цэргийн эрх баригчдад уриалжээ.