Нидерланд улсын Гааг хотын олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонтой ярилцлаа. Тэрбээр олон улсын шүүхэд ажиллаж байгаа Монголын анхны хүн юм.
Тэрээр Цагдаагийн академийг 1999 онд эрхзүйч мэргэжлээр төгссөн ажлын гараагаа 1999-2001 онуудад цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаар эхлүүлж байжээ.
2001-2002 онд АНУ-ын Миннесотагийн их сургуулийн хуульзүйн магистрын зэрэг хүртэн 2002 онд АНУ-д өмгөөлөгчийн туслахаар ажилласан. 2003-2013 он хүртэл Австри, АНУ, Бельги, Герман, Голланд, Франц, Итали, Шинэ Зеланд зэрэг улсуудад олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн хуулийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. 2006 оноос хойш өдгөөг хүртэл Нидерландын Гааг хотноо Олон улсын шүүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Энэ бол түүний ажлын тун товчхон тодорхойлолт.
Харин түүнийг “Үнэртэн тараадаг өвөө” нэрээр сошиал ертөнцөд андахгүй. Учир нь тэрээр монголд анх удаа Үнэртэй усанд дурлагчдын клубийг байгуулсан бөгөөд хоббигоо бусадтай хуваалцан мэдлэг, мэдээлэл түгээгч. “Үнэртний мэргэжилтэй хүн биш зүгээр хоббитой хүн. Орчин үед байх ёстой урлаг, соёл гэж ойлгож болно” хэмээн даруухан өгүүлэх энэ л эрхэм үнэртний цуглуулагч бөгөөд хэр баргийн мэргэжлийн хүнээс дутахааргүй мэдлэгтэй. Тиймдээ ч энэ мэдлэгээсээ харамгүй хуваалцан үнэртэй ус, үнэртний дээжийг олон мянган монголчуудад бэлэглэсэн “Өвлийн өвгөн” шиг л хэн хүний хайр, хүндэтгэлийг татдаг эрхэм. Үнэртний групп дээр өвөө нь гээд л өөриймсгөөр хандан үнэртэй усны талаар энгийнээс гүн гүнзгий хүртэлх мэдээллээ хуваалцана.
Үнэртэй усны хорхойтон Н.Орчлон Монголд анх удаа Францын үнэртний мастер Кристоф Лодамиелыг урьж авчирсан.
“Би дэлхийн хамгийн тансаг үнэртнийг бүтээдэг, үнэртэн нь олон сая доллараар зарагддаг мастеруудыг Монголд авчрахыг хүсдэг. Тэр ховор үнэртэн Монголд зарагддаггүй ч байж болно, энэ нь чухал биш, гол нь үнэртний соёлыг түгээх юм. Мөрөөдлөө биелүүлж Францын үнэртэй усны жинхэнэ мастеруудын нэг Кристоф Лодамиелыг эх орондоо урьж авчирлаа. Хавар уулзахдаа Монголд ирээч гэж гуйсан юм. Аз болоход Кристоф Лодамиел манай оронд ирэх хүсэл мөрөөдөлтэй нэгэн байсан учраас урилгыг минь хүлээн авч ирсэн” хэмээн урилгын эзнээ онцолж байлаа.
Цаашдаа ч түүн шиг дэлхийн үнэртний мастеруудыг эх орондоо авчирах бодолтой тэрээр хий хоосон номлогч, цэцэрхэгч биш бусдад үлгэрлэгч, манлайлагч гэдгийг нь түүний монголд хийсэн олон ажлуудаас харж болно. Нидерландад ажиллаж амьдардаг ч жилдээ хоёр ч удаа заавал зав гарган эх орондоо ирж өндөр настай ээжтэйгээ уулзан өөрийг нь тэсэн ядан хүлээсэн олон хүмүүстэй цаг зав гарган уулздаг. Тэрээр монголд ирсэн үедээ зөвхөн хоббигоо цэцэглүүлэгч биш.
Мөн фейсбүүк дээр хуулийн мэргэжлээр суралцаж байгаа олон залууст мэргэжлийн зөвлөгөө өгдөг "Шинэ хуульчдын Орчлон клуб"-тэй. Монголын хамгийн том хуулийн группдээ тэрээр олон нэр хүндтэй эрхмүүдтэй урин залууст хэзээд боломж олгодог гээд түүний хийсэн бүтээснийг дурдаад байж болно.
Тиймдээ ч тэрээр “Миний хийж байгаа зүйлүүд би өөрөө хүсэж байгаа болохоор л хийж байгаа. Өөрөө дуртай, надад их таашаал, урам зориг өгдөг болохоор хийж байгаа. Түүнээс биш би эх орныхоо төлөө, Монгол Улсаа хөгжүүлье гэдэг ч юм уу тийм хий хоосон зүйлд би их дургүй. Би өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг чанартай, мэргэжлийн хэмжээнд хийе гэж боддог” хэмээн онцолсон.
Түүний бас нэг хобби бол аялах. Дэлхийн 50 улсаар аялсан тэрээр цаашдаа 100 улсаар аялья гэсэн бодол өвөртлөн яваагаа бидэнтэй хуваалцсан юм.
Олон ажлыг яаж цаг зав гаргаж амжуулдаг вэ гэсэн залуусын асуултад тэрээр “Хүн бол ажлаасаа их таашаал авч байх ёстой. Би ажлаа хийгээд цалин авч байгаа, цалинтай ажил хийдэг хүн шүү дээ. Надад ямар нэгэн компани байхгүй, хувьцаа эзэмшдэггүй. Энэ амьдралаараа өөрийгөө, үр хүүхдээ тэжээх миний санхүүгийн гол эх үүсвэр болж байна. Дээрээс нь би өөрийнхөө амьдралыг учир утгатай болгож таашаал авч зүйл болох ёстой. Мэдээж ажил дээр дургүй өдрүүд зөндөө байна. Өөрийгөө хүчлээд гараас юм гарахгүй өдрүүд байна. Гэхдээ л хүн тууштай байх хэрэгтэй. Хийе гэсэн юмаа хийсэн шиг хийгээд явчих хэрэгтэй. Тэр болгоныг даваад гарах хэрэгтэй. Дээрээс нь ажил хувийн амьдралаа гоё тэнцвэржүүлэх хэрэгтэй. Ажил чинь хэцүү стресстэй байх юм бол хажуугаар нь таашаа авдаг зүйлс зэрэг байрлах ёстой. Хэрэггүй хүнтэй уулзах, хэрэггүй юм үзэх, хэрэггүй зүйлтэй орооцолдох, хэрэггүй хүмүүстэй зууралдах нэг секунд ч надад байхгүй. Тэгэхээр аяндаа маш их цаг гараад ирдэг” хэмээн өөрийн туршлагаасаа хуваалцсан юм.