Дэлхий дахинд Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүний тоо халдвар авсан хүмүүсийнхээс давлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус өчигдөр мэдэгджээ. Одоогийн байдлаар дэлхий дахинаа халдвар авсан хүний тоо 106 сая даваад байгаа бол вакцин хийлгэсэн хүний тоо 119 сая болсон байна. Тэрээр "Энэ бол маш сайн мэдээ төдийгүй анагаах ухааны салбарт богино хугацаанд гаргасан гайхалтай дэвшил. Гэвч нийт вакцинжуулалтын дөрөвний гурав нь дэлхийн ДНБ-ний 60 орчим хувь төвлөрдөг 10 орчим оронд төвлөрч байгаа нь харамсалтай. Нийт 2.5 тэрбум хүн амтай 130 орчим улс орон вакцины эхний тунгаа ч аваагүй байгаа. Тиймээс эрсдэлт бүлэг, эмч, эмнэлгийн ажилтнуудаа вакцинжуулалтад хамруулсан улс орнууд нийт хүн амдаа вакцин хийхээсээ өмнө бусад улс оронтой хуваалцахыг ДЭМБ уриалж байна. Ингэж цөөн хэдэн чинээлэг улсууд вакциныг ихээр худалдан авснаар бусад ядуу буурай орнуудад вирус улам хувиран мутацилагдаж, магадгүй вакцинд ч дарагдахгүй болгох эрсдэлийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтыг дэлхий даяараа жигд хийхгүй бол бид бүгд вирусийн гинжин холбоонд орчихоод байгаа учир түрүүлж хүн амаа вакцинжуулсны үр дүн гарахгүй" хэмээн онцолсон байна.
Дэлхий дахинд одоогийн байдлаар өдөрт дунджаар 4,5 сая хүн вакцин хийлгэж байгаа ба энэ хурдаараа урагшиилбал дэлхийн хүн амын 75 хувийг вакцинжуулахад долоо орчим жил шаардагдана.
Шинжээчдийн үзэж буйгаар, хүн амын 70-85 хувийг вакцинжуулснаар хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой болох юм.