Хойд Европын олон улсын кино наадмын уралдаант хэсэгт Монголын хоёр уран сайхны кино шалгарч, шагналын төлөө өрсөлдөхөөр болжээ. Лондонд ирэх гуравдугаар сарын 20-27-ны өдрүүдэд болох олон улсын кино наадамд Б.Отгонзориг найруулагчийн "Эмэгтэй” кино, Э. Ган-Очир найруулагчийн "Дурсаж яваарай" бүтээлүүд албан ёсоор шагналт хэсэгт өрсөлдөх юм байна.
Дэлгэцийн энэ хоёр бүтээл 2020 оны есдүгээр сард Их Британийн Олон улсын кино наадамд амжилттай оролцож байсан билээ. Тодруулбал, “Дурсаж яваарай” уран сайхны кино "Шилдэг найруулагч"-ийн шагнал хүртэж байсан бол “Эмэгтэй” кино дөрвөн ч төрөлд нэр дэвшиж байв.
Энэ удаа “Эмэгтэй” уран сайхны киноны уран бүтээлчид гурав, “Дурсаж яваарай” кино хоёр төрөлд тус тус нэр дэвшээд байгаа ажээ. Бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн “Дурсаж яваарай” киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан.
Солонгосын нэртэй жүжигчин Ан Жи Мүнийн тоглосон "Choi Hainzan" фильм продакшны анхны уран бүтээл “Эмэгтэй” кино нь өнгөрсөн 2020 оны зун онлайнаар нээлтээ хийсэн билээ.