Израйль улсын эрүүл мэндийн яам өөрийн хэрэгжүүлж байгаа вакцинжуулалтын аяны эхний үр дүнг өчигдөр танилцуулжээ.
Тус улс Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакцинаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нөөс эхлэн хүн амаа дархлаажуулж эхлээд байгаа. Өнөөдрийн байдлаар Израйль улс есөн сая орчим хүн амынхаа таван саяыг вакцинжуулсны нэг сая орчим нь хоёр дахь тунгаа тариулжээ.
Хүн амынхаа 54.7 хувийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулсан үзүүлэлтээр Израйль дэлхийд тэргүүлж байна.
Израйлийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр вакцинжуулалтад бүрэн хамрагдсан 60-аас дээш насны 750,000 орчим хүнээс 531 нь халдвар авчээ. Энэ нь 0.07 хувь болж байна.
Тэдгээрээс 38 нь дундаас дээш, хүнд, маш хүнд хүртэл хэлбэрээр өвдөж, эмнэлэгт хэвтсэн нь нийт халдвар авсан хүмүүсийн тоотой харьцуулахад бага байгаа юм.
Судалгаанд хамрагдсан 743,845 ахмад нь долоогоос дээш хоногийн өмнө вакцины хоёр дахь тунгаа тариулсан хүмүүс юм байна.
Тэдгээрийн дотроос гурван хүн нас барсан нь вакцин хийлгэхээсээ өмнө халдвар авч, бие нь муудсан байж болзошгүйг Израйлийн эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Вакцинжуулалт эхлэхээс өмнө ийм тооны 60-аас дээш насны хүмүүсийн дунд 7,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 700 орчим нь дундаас хүнд хүртэл хэлбэрээр өвчилж, 307 хүн нас бардаг байсан гэнэ.
Израйлийн эрүүл мэндийн яамны дүгнэлтээр вакцины эхний тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа халдварын тоо, өвчлөлийн тоо тогтмол буурч эхэлсэн байна. Вакциныг бүтээгч Pfizer/BioNTech компанийн амласан 95 хувийн дархлаажуулалт бодит амьдрал дээр хэрэгжиж байгааг энэхүү үр дүн харуулжээ.
Одоо тус улсын мэргэжилтнүүд вакцинаас гадна хөл хорионы дэглэм өвчлөлийн тоо буурахад нөлөөлсөн эсэхийг нарийвчлан судалж байгаа аж.
Дэлхийн улс орнууд өчигдрийн байдлаар хүн амынхаа хэдэн хувийг вакцинжуулалтад хамруулаад байгааг доорх зургаар харуулья.