Ан Сан Сү Чи тэргүүтэй Мьянмарын эрх баригч намын удирдлагуудыг өнгөрсөн шөнө тус улсын зэвсэгт хүчнийхэн баривчилсан тухай Ардчиллын төлөө үндэсний Лигийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Зэвсэгт хүчнийхэн Аун Сан Сү Чи болон Мьянмарын ерөнхийлөгч Вин Мьин нарыг баривчилсан байна. Хэвлэлийн төлөөлөгч Мио Нюун ард иргэдийг ямар нэгэн асуудал гаргалгүй хүлээцтэй байхыг сануулж хуулийн дагуу асуудлыг шийдэх болно гэдгийг хэллээ. Арван нэгдүгээр сард болсон сонгуулиар Ан Сан Сү Чигийн нам үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Харин зэвсэгт хүчнийхний оролцоотой сөрөг хүчин сонгуулийг маргаан будлиантай болсон гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхэн сонгуулийн үеэр хууль зөрчсөн олон тохиолдол байгааг илчилж, мөрдөн шалгахыг эрх баригчдаас шаардсаар ирсэн билээ.Хэрвээ сонгуулийн маргааныг шийдэхгүй бол цэргийн эргэлт гарахыг үгүйсгэхгүй гэж Мьянмарын армийн хамгийн нөлөө бүхий генерал Мин Аун Хлайн мэдэгдэж байсан байна.
“Зэвсэгт хүчин төрийн эрхийг булаана гэж шууд хэлж чадахгүй ч бас ингэхгүй гэсэн баталгаа байхгүй хэмээн генералын хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байсан юм.