Өчигдөр буюу энэ сарын 27-ны оройн 19:14 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагааны гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага авсан Онцгой байдлын 29-р гал унтраах анги долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр очиж, галыг унтраасан байна. Энэ талаар Өрөг.мн сайт СХД-ийн Онцгой байдлын харьяа, Гал унтраах 29-р анги болоод хохирсон гэр бүлтэй уулзаж дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Одоогийн байдлаар иргэн А.Мөнх-Эрдэнэ, Б.Ганцэцэг нарын гэр бүлд таван ханатай гэр, иж бүрэн тавилгыг хандивлахаар болоод буй юм. Гал гарах үед 12 настай М.Балжинням хүү 10 настай, 8 настай, 4 настай, долоон сартай дүү нарын хамт байсан бөгөөд цахилгаан тогооноос үүдэж гал гарчээ. Хүү дүү нараа гэрээс гаргасны дараа тусламж гуйхаар гудамж руу гарч галын дуудлага өгсөн байна.
Б.ГАНЦЭЦЭГ: ХҮҮХДҮҮДЭЭ ТҮРХЭН ОРХИОД ГАРАХ ХООРОНД ИЙМ ЗҮЙЛ БОЛСОН БАЙСАН
Галаас эсэн мэнд үлдсэн хүүхдүүдийн ээж Б.Ганцэцэг "Ам бүл долуулаа амьдардаг. Таван хүүхэдтэй. Би хүүхдүүдээ хараад гэртээ байдаг, манай хүн барилгын ажил хийдэг. Улирлын чанартай. Одоогоор хөл хорионоос болоод ажилгүй гэртээ байгаа. Гэртээ зүгээр суухаар гээд сүлжээний ажил эхлүүлээд нөгөөхөө хүнд танилцуулах гээд ойрхон гараад ирэх хооронд ийм зүйл болчихсон байсан. Дүү нь хоол идье гэхээр нь тогоотой хоолоо халааж өгөх гэж байгаад залгуур нь буудаад гал авалцаж эхэлсэн байсан. Тэр үед хүү маань дүү нараа аваад гадаа гарч ирсэн байна лээ. Гарч ирэхэд дүү нар нь нүцгэн байсан учраас гэр лүү эргэж орж хөнжил аваад нөмрүүлсэн байсан. Тэгээд гудмаар явж байсан хүмүүсээс тусламж гуйж, онцгой байдлынхан ирсэн байсан" хэмээсэн юм.
СХД-ийн нутаг дэвгэрт он гарсаар гал түймрийн 30 дуудлага ирснээс ахуйн осол аваар зонхилж байгаа талаар холбогдох ажилтнууд хэлсэн юм. Мөн бага насны хүүхдүүүдээ харж хандах хүнгүй, гэрт нь цоожилж явахгүй байхыг эцэг, эхчүүддээ анхааруулж байна.