Энэтхэг улс 1950 оны энэ өдөр Үндсэн хуулиа баталж түүнээс хойш жил бүр уг баярыг улс нийтээрээ тэмдэглэсээр ирсэн. Энэтхэг даяар “Republic Day” буюу улс тунхагласны баярын өдрөөр нийслэл Дели хотод үндэсний хэмжээний хамгийн том баяр нь тариаланчдын эсэргүүцлийн өдөр болж хувирлаа.
Трактор хөлөглөсөн олон мянган тариаланчид цагдаа нарын бүслэлтийг сэтэлж, Дели хотын алдарт Улаан цайзыг эзлэн, эсэргүүцлийн жагсаалаа хийлээ.
Тэдний ийнхүү жагсаж байгаа нь өнгөрсөн есдүгээр сард баталсан хөдөө аж ахуйн шинэчлэлийн тухай хуулийг эсэргүүцэж байгаа юм явдал юм.
Засгийн газрын шинэ шийдвэр нь тариаланчдыг чөлөөлөх гэсэн нэрийн дор тариаланчдын хүртэх ашгийг багасгасан хэмээн үзэж байгаа учраас тариаланчид арваннэгдүгээр сараас хойш хуулийн төслийг эсэргүүцэж, нийслэлийн гадна жагссаар байгаа юм. Уурссан тариаланчдын жагсаал ийнхүү тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, Дели хот руу нэвтэрсэн байна.
Улаан цайзын тухай
Улаан элсэн чулуугаар баригдсан энэ цайзыг 17-р зууны үед Моголын эзэн хаан Шах Жахан барьж баймаг байна. Улаан цайз 1857 он хүртэл Энэтхэгийг британичууд удирдаж эхлэх хүртэл Моголын засаглалын төв байсан.
Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру 1947 оны наймдугаар сарын 16-нд Их Британиас салж, тусгаар тогтнолоо тунхагласны дараа цайзын оройд төрийн далбаагаа залсан байдаг. Энэхүү цайз 2007 онд Юнескогийн дэлхийн өвд бүртгүүлсэн түүхэн дурсгалт газар юм.