Өрөг.мн сайт 2020 оны “ОНЦЛОХ 11” хүнийг нэрлэлээ. Үүнд 2020 оны УИХ-ын сонгуулиар 25.000 иргэний санал авч УИХ-ын гишүүн болсон ХҮН намын парламент дахь анхны төлөөлөл Т.Доржхандыг "ОНЦЛОХ ХҮНЭЭР" нэрлэлээ.
Сонгуулийн ард, хөшигний ард бидний мэдэхгүй юу болдог юм бэ?
Энэ жилийн сонгууль их онцлог. Олон сайхан бие даагчид нэр дэвшсэн. Тэр дундаа Хан-Уул дүүрэг, манай тойрогт 30-аад хүн өрсөлдсөн. Сонгуулийн халуун үе гэж байдаг. Тэр нь юу вэ гэхээр хүмүүстэй уулзаад явахаар хүмүүсийн нүдний харц зүрхэнд орчихдог. Яриа гэдэг зүйл тархинаас биш зүрхнээс гардаг болчихдог. Зүрхнээс зүрхний хооронд холбоос үүсдэг. Ялангуяа олон залуучууд тэр мэдрэмжийг авсан байх, тэгж байж л улс төрч болдог юм болов уу гэж ойлгож байгаа. Ер нь их явсан даа, халуун байсныг хэлэх үү маш олон нэр дэвшигч тас хар болтлоо явсан. /инээв/
Таны хувьд чуулганд орсон эхний өдрөөс үдээсгүй пүүз өмсөж ирлээ, сахал ургууллаа гэх мэт гадаад байдлаараа олны анхаарлыг татаж, нийгэмд яриа үүсгэсэн. Үүнийг нэг талаас харахад санаандгүй юм шиг боловч нөгөө талаас олны анхаарлыг татаж байгаад хэлэх гэсэн зүйлээ хэлж байна уу гэж хараад байна. Яг ямар учиртай вэ?
Үгүй. Би Монгол улсын Сангийн яаманд 15 жил ажилласан. Байж байгаад л ордонд очиж хуулиа "хамгаална". Тиймээс ордны дэг жаяг мэднэ. Тухайн үед сонгуулийн дараа надад дуудлага ирсэн. Сонгуулийн ерөнхий хорооноос даваа гарагийн 10:00 цагт ордны урд талын хаалгаар үнэмлэхээ ирж аваарай гэсэн. Тэгээд хуучин гишүүн байсан хүнээс залгаад асуухад хуучин бол дүүргээс очоод л авчихдаг байсан сүртэй зүйл байхгүй гэхээр нь зүгээр очоод авчих юм байна гээд ойлгочихсон. Очоод үнэмлэх авах гэсэн "та ийм гуталтай орж болохгүй" гээд би явж байсан. Тойрч явсаар байгаад хоцорч орсон. Нэг эвслээс сонгогдсон нэг гишүүнд мэдээлэл дутмаг байдаг юм байна лээ. Анхны өдөр төрийн байгууллагыг шүүмжлээд яахав гэж бодоод өнгөрсөн. Хувцас бол яг сонгуулийн үеэр явснаараа л явж байсан үдээсгүй явж таарсныг ч хэлэх үү сошиалаар шуугиан болсон.
Таны хувьд Хөдөлмөрийн Үндэсний намаас сонгогдсон анхны гишүүн. Танд иргэд өндөр хүлээлт тавьж байгаа. Хүмүүсийн энэ өндөр хүлээлт ямар мэдрэмж төрүүлж байна?
Хүлээлт мэдрэгдэж байгаа. УИХ-д 10 дугаар сараас гишүүн болж ажилласнаас хойш парламент ажиллаж байгаа. Түлхүү мэргэжлийн юм ярьж байгаа. Иргэд мэргэжлийн байр сууриас парламент дээр хандахаар илүү их хүлээж авч байгаа юм. Миний хувьд болон манай намын хувьд улс төрийг иргэдээ илүү мэдээлэлжүүлэлт, мэдлэгтэй болгох байдлаар өөрчилж болох юм байна, илүү их хүний дэмжлэгийг авч чадах юм байна гэж урам авч байгаа. Гашуун ч гэсэн бодитой зүйлийг мэргэжлийн байр суурийн үүднээс хэлчхэд хүмүүс их хүлээж авч байна. Ялангуяа хөдөө орон нутгийн хүмүүс их хүлээж авч байна. Тийм учраас их урамтай байна.
Та ирэх дөрвөн жил улс төрд ямар өв /legacy/ үлдээхээр зорьж байна вэ?
Залуучууд улс төрөөс хол байдаг хэдий ч энэ удаагийн сонгуульд эсрэгээрээ олон залуучууд өөрсдийн болон бусдын төлөө улс төрд, нийгмийн харилцаанд оролцъё, засаглая гээд оролцсон нь онцлог болсон.Харамсалтай нь олон сайхан залуучууд гарч ирж чадаагүй. Манай намын олон сайхан залуучууд байна. Бусад бие даасан залуучууд, бусад намын залуучууд гээд. Энэ залуучуудийн итгэл үнэмшил нь байгаад илүү олон мэргэжлийн дуу хоолойг парламент болон засгийн газарт бий болгох нь миний үүрэг гэж харж байгаа, үүний төлөө хичээж ажиллана. Би ийм өв үлдээнэ.
Таны хоолойг жүжигчин Цогтоо элэглээд дуурайгаад ярьсан байсан. Ямар санагдсан бэ?
Дуу хоолой сайтай биш шүү. Доржхандаа чи улс төрд гарах ямар ч боломжгүй гэж манай найз хэлж байсан. Яагаад гэсэн наад хоолой чинь ерөөсөө биш гэсэн. Хоолойн хувьд асуудал байгаа. Хоолойгоо өөрчлөх гэж оролдож үзэж байсан ч бүтээгүй дээ / инээв/ Эцсийн дүндээ хоолойны өнгө биш юу ярих нь чухал. Түүндээ л анхаардаг даа.