Коронавирусийн халдвараар өвчлөх эсэх нь хувь хүний хариуцлагын асуудал учраас хөл хориог удаан хугацаагаар тогтоож эдийн засгийн хүнд нөхцөлийг үүсгэхгүй байх тал дээр шийдвэр гаргагч байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай болоод байна. Энэ талаар бид УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.
Ковид-19 цар тахлын үед Засгийн газар, УИХ-ын гишүүд ямар хөтөлбөр, ажлыг санаачлан хийж байна вэ? Тулгамдаад буй нэн чухал асуудлыг юу гэж харж байна вэ?
УИХ-ын гишүүд 2020 оны төсвийг батлахдаа, коронавируст халдварын үеийн нөхцөл байдлыг тусгаагүй. Өнөөгийн нөхцөлд Улсын төсвөөр дамжуулан ард иргэдийн эрүүл мэнд, ААН-үүдийн орлогыг дэмжих асуудлыг шийдэх нь чухал байна.
Миний хувьд 2021 оны төсвийг хэлэлцэх явцад, гурван төрлийн хэмнэлтийг гаргах асуудлаар санаачилгыг гаргасан. МАН тухайн үед, зэсийн ханш өндөр байна, өдөр тутам нүүрс зөөвөрлөх 1200 гаруй машин хилээр гарч байгаа учраас цар тахлын үед эдийн засгаа аваад гарчихна гэж бодож байсан. Харамсалтай нь нүүрсний экспорт багасаж өдөр тутам 200 машин хилээр нэвтрэх байдал үүслээ.
Гаргасан санаачилгын тухайд,
- Эрүүл мэнд, боловсрол, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас бусад төрийн байгууллагын урсгал зардлыг 20 хувь танаад, түүнээс гарах нэг их наяд төгрөгөөр болзошгүй эрсдэлд зориулсан сан байгуулах
- Дэд сайд, яам агентлагийн дарга нарын өндөр зардалтай орон тоог цомхтгох замаар хэмнэлт гаргах
- Музей, конторын барилга зэрэг 149 тэвчиж болох хөрөнгө оруулалтыг эрчимтэйгээр улсын төсвөөс царцааж түүнээс гарч ирэх 403 тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлд зориулж бага хүүтэй зээл гаргах зэрэг санаачилгыг гаргасан.
МУ-ын Ерөнхийлөгч яг энэ гурван агуулгын хүрээнд хориг тавьсан. Харамсалтай нь МАН үүнийг авч хэлэлцээгүй. Цаашид МАН энэхүү хоригийг хүлээж авахгүй нөхцөл байдалтай байвал манай эдийн засаг нэлээн хүнд нөхцөлд орно. Өөрөөр хэлбэл орлого тасалдана. 42 сая тонн нүүрсээ гаргаж чадахгүй уул уурхайгаас хамааралтай эдийн засаг маань унана. Тиймээс төсвөөр дамжуулж иргэдийнхээ орлогыг сайжруулах тал дээр ЗГ-аас маш хурдан санаачилгатай ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.
Өнгөрсөн баасан гарагт Европын холбоо хуралдаж коронавируст халдварын үед хөл хорио тогтоох нь тийм чухал биш. Энэ өвчнөөр халдварлах эсэх нь хувь хүний хариуцлагын асуудал гэж үзээд хөл хорио тогтоож эдийн засгийн байдлыг хүндрүүлэхгүй байх тал дээр анхаарч, үйлчилгээний салбаруудаа нээж ажиллаж байна.