Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл ИБУИНХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Филипп Малоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны тэр дундаа байгаль орчны салбарт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.
Элчин сайд Филипп Малон хэлэхдээ “Хоёр орны хамтын ажиллагаа жилээс жилд гүзгийрч байгаад бид талархдаг. Тэр дундаа Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахад таатай байдгийг хэлмээр байна. Байгалийн нөөцийн зохистой ашиглалт ялангуяа биологийн олон янз байдлыг хамгаалах, зэрлэг амьтан ургамлын хууль бус худалдааг таслан зогсоох, менежмент болон чадавхи бэхжүүлэх зэрэг хамтын ажиллагаа үр дүнтэй байгаад баяртай байна. Мөн хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчны мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр судлаж байна.” гэсэн юм.
Д.Сарангэрэл сайд: “Ковид1-9 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2018 онд олон улсын өмнө өгсөн амлалт болох дэд бүс нутгийн хэмжээнд зэрлэг амьтны асуудлаарх хамтын ажиллагааны механизм байгуулах ажлыг дэмжин өнгөрсөн оны 9-р сард зохион байгуулагдсан Төв болон Зүүн хойд азийн зэрлэг амьтны долоо хоног арга хэмжээг санхүүжүүлсэнд талархал илэрхийлье. Мөн Байгаль орчны сэтгүүлч бэлтгэх төслийг хэрэгжүүлэхээр санал солилцож байгаа талаар мэдээлэл авсан. Энэ нь манай салбарын үйл ажиллагааг сурталчлах, таниулах, олон нийтийн анхаарлыг хандуулах, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой учраас баяртай байгаа” гэсэн юм.