Манай улс дотооддоо коронавирусийн халдвар алдаж хатуу хөл хорионы дэглэмд шилжиж буй энэ үед амьжиргааны төвшин доогуур, эмзэг бүлгийн айл өрхүүдэд хүндрэлтэй нөхцөл үүсээд байна. Өдрийнхөө орлогоор амь зуудаг иргэд ямарч орлогогүй болж, тэдэнд “өлсөж үхэх үү, хөлдөж үхэх үү” гэх сонголт нүүрлэж байна гэхэд хилсдэхгүй.
Иймд Лантуун дохио ТББ-ын зүгээс өнгөрсөн долоо хоногт амьжиргааны төвшин доогуур 800 орчим айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлсэн юм. Энэ талаар бид ”Лантуун Дохио ТББ”-ын үүсгэн байгуулагч Ч. Ганжавхлантай холбогдож нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрээр, “Улаанбаатар хотын алслагдсан бүсэд амьдардаг эмзэг бүлгийн айл өрхийн амьдрал маш хүнд нөхцөл байдалтай байна. “Лантуун дохио ТББ” 800 орчим өрхөд хүнсний тусламж үзүүлсэн. Эдгээр айл өрхүүд орлогогүй учраас хөл хорионд байх хугацаандаа дэлгүүрээс хүнсний зүйлсийг зээлж, өдөр хоногоо аргацааж байна. Сардаа нэг буух хүүхдийн 100 мянган төгрөгөө дэлгүүрийн өрөндөө өгөөд ч таарчихдаг юм билээ.
Бид зөвхөн нийгмийн халамжид байдаг гэхээс илүү өдрийнхөө орлогоор амь зогоодог айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэхийг зорьсон. Эдгээр иргэд хүнсний талон болон бусад тусламжид хамрагддаггүй, хүнээс гуйхыг хүсэхгүй өөрсдөө хичээгээд амьдралаа болгоод л явдаг хүмүүс юм. Амьжиргааны төвшин доогуур гэсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн цаана, хөдөө орон нутгаас хотод суурьшсан, айлын хашаанд гэрээ барин аж төрдөг иргэдийг төр засгаас төдийлөн анзаарахгүй байгаа юм. Энэ мэт айл өрхийн амьдралыг бодолцолгүй хөл хорио тогтоочхоор эдгээр хүмүүс яаж амьдрах юм бэ?
Гэрээ дулаалж амжаагүй, өвлийн бэлтгэлээ хангаагүй, өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг, халамжийн бүртгэлд орж чадаагүй олон зуун өрхийн нөхцөл байдал маш хүнд байна. Тэнд хүүхэд өлбөрч, осгож үхэх нь байна шүү дээ.
Мөн “Улаан чулуут”, “Цагаан даваа”-ны хогийн цэг дээрээс дахин боловсруулах бүтээгдэхүүн түүж, тушааж, идэх гурилынхаа мөнгийг олдог иргэд хөл хорионы улмаас шөнийн цагаар хог түүж байна. Эдгээр иргэдийг “ээж, аав идэх хоолтой ирэх болов уу” гээд олон хүүхдүүд хүлээж байдаг. Бид шөнийн цагаар гар чийдэн толгойдоо зүүгээд нууцаар хөл хориог зөрчиж хог түүж байгаа хүмүүстэй ярилцаж үзсэн. Тэр хүмүүс, "энэ шийдвэр бол бид нар шиг хүмүүсийг шууд өлсөөд үх гэхээс ялгаагүй шийдвэр юм. Бид хүүхдийнхээ төлөө хоол олж идэхийн тулд шөнийн цагаар энд ирж байна. Энэ чинь амьдрал шүү дээ" хэмээн ярьж байна.
Тиймээс төр засгаас иргэдийн амь зуух асуудлуудыг бодолцсон нарийн мэдрэмжтэй шийдвэрүүд гаргах хэрэгтэй. Өнөөдөр бага насны хүүхэд улсын бүртгэлээс гадуур явж байгаад өлсөж, осгож амиа алдвал яах вэ? Үүний цаана хэн хариуцлага хүлээх вэ? Үндсэн хуулиар олгогдсон хүний амьд явах эрх энд зөрчигдөж байна. ОУ-ын жишгээр бол ийм цаг үед нийтийн гал тогоо ажиллуулж янз бүрийн хүнсний тусламжийг тарааж байх жишээтэй.
Энгийн үед хавтгайрсан халамж тараах нь иргэдэд бэлэнчлэх сэтгэлгээ суулгадаг. Харин онцгой үед дэлхийн бүх улс бие биедээ тодорхой хэмжээний тусламж үзүүлдэг. Манай улсын хувьд ахиад хөл хорио сунгагдаж магадгүй учраас хүмүүс бэлэн байж, төр засгаас эдгээр хүнд нөхцөлд байгаа иргэдийг анхаараасай гэж хүсэж байна” хэмээн ярилаа.